Мэрилин Монроегийн хөхний даруулга дуудлага худалдаанд 7000 ам.доллар хүрлээ

Д.Халиунаа
2026-06-05

Шаргал үст Мерилин Монрое нэрээ дэлхийн түүхэнд мөнхөлж чадсан жүжигчин, модел Норма Жин Мортенсон мэндэлсний 100 жилийн ой энэ сарын 1-ны өдөр тохиож буй билээ. 

Тус ойд зориулан түүний амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс болон өөрийн гараар бичсэн тэмдэглэл зэргээр дуудлага худалдаа зарлажээ. 

Пүрэв гарагт эхэлсэн худалдаанд Мерилин Монроегийн 185 эд зүйл байгаа бөгөөд үүнд түүний 1950-иад онд хэрэглэж байсан 100.000 ам.долларын үнэ бүхий гоёмсог цүнх болон даашинз, уруулын будаг, үсний сам, тамхи зэрэг нь багтжээ. Энэхүү дуудлага худалдаа нь шаргал үст охины дурсгалд зориулсан үзэсгэлэн, тэмдэглэлт арга хэмжээний нэгээхэн хэсэг аж. 

Пүрэв гарагийн өглөөний байдлаар эдгээр эд зүйлсийн дуудлага худалдааны хамгийн өндөр дүн 70.000 ам.долларт хүрчээ. 

Цуглуулгын хамгийн сонирхолтой эд зүйлийн нэг бол түүний 1950-иад онд өмсөж байсан хөхний даруулга юм. Тухайн үедээ 1000 ам.долларын үнэтэй байсан даруулга 15 удаагийн дуудлага худалдаанд орж 7000 ам.долларт хүрчээ. 

Мөн Монрогийн Брентвуд хороололд эзэмшиж байсан цорын ганц байшингийн ногоон өнгөтэй модон урд хаалга 15.000 ам.долларын санал аваад байна. Тэрээр 1962 онд уг хаалгыг 100 орчим ам.доллараар авч байжээ. 

Жулиений дуудлага худалдааны газар мэдэгдэхээ урьд нь хэзээ ч харагдаж байгаагүй ховор, нандин зургууд ч мөн багтсан гэлээ. 

Түүнчлэн өөр нэг газар шаргал үстийн бал сараараа өмссөн “Christian Dior” брэндийн банзлыг дуудлага худалдаанд гаргажээ. 

Норма Жин Мортенсон 1926 онд төрж, асрамжийн газарт өссөн бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нисэх онгоцны үйлдвэрт ажиллаж байх үедээ нэгэн зурагчны хараанд өртсөнөөр карьераа эхлүүлсэн байдаг. Гэвч тэрээр 1962 онд 36 насандаа Лос Анжелес дахь гэртээ нас барсан. Түүний үхлийн шалтгааны талаар олон таамаг байдаг ч тайвшруулах эмийн хэт хэрэглээнээс болж амиа алдсан гэж үздэг. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe