Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15-т “Монгол Улсын иргэн нь шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” гэж заасан байдаг. Дэлхий даяарх шашны тоон мэдээлэл, судалгаа, санал асуулга зэргийг мэдээлдэг ARDA (The Association of Religion Data Archive) агентлаг манай улсын ард иргэдийн шашны итгэл үнэмшлийг дараах байдлаар хувилжээ.
Дээрхээс харахад нийт иргэдийн тэн хагас нь бурхны шашны итгэгчид байна. Мөн тус судалгааны байгууллага 1950 оноос 2050 он хүртэлх манай орны шашны орон зайг тооцоолсон байна.
Тус хэсгээс дүгнэхэд 1950 онд үндэстний буюу бөөгийн шашин тэргүүлж байсан бол 1990 оны хувьсгалаас хойш бурхны шашин эргэн дэлгэрчээ. 2000 оноос өмнө шашны итгэгчдээс гадна агностикчид буюу бурхан байдаг эсэхийг мэдэхгүй, эсвэл мэдэх боломжгүй гэж үздэг философийн үзэлтнүүд өндөр хувь эзэлдэг байжээ. Харин эдгээр үзэлтнүүд сүүлийн 30 жилийн хугацаанд буурсаар байгаа бөгөөд буддистууд хүч түрэн гарч ирж байна. Цаашдаа ч манай улсад бурхны шашин улам дэлгэрэх хандлагатай байна.
Олон улсын тайлангуудаас харахад хэдийгээр манай улс хуулийн хүрээндээ хувь хүний шашны итгэл үнэмшлийг бүрэн хамгаалсан улсад багтдаг ч цөөнхийн шашны бүлгүүдэд чиглэсэн нийгмийн сөрөг хандлага тулгамдаж буйг онцолсон байна. ARDA-ийн үнэлгээгээр Монгол Улс шашны цөөнхөд чиглэсэн нийгмийн ялгаварлан гадуурхалтын индексээр дундаас дээгүүр буюу хоёр оноо авчээ. Харин АНУ, Канад, Энэтхэг, ОХУ зэрэг орнууд хамгийн өндөр буюу гурван оноо авсан байна.
Эх сурвалж: The Association of Religion Data Archive
Нэг жишээ дурдахад, Чингис хаан өөрийн аян дайны ялалтад зориулан ерөөл хурах бүртээ бүх шашныг хүлээн зөвшөөрдөг байжээ. Тэрээр амьдралынхаа туршид Бурханы шашны болон Дао шашны лам нар, Исламын шашны болон Несторын Христ шашны номлогч нартай зөвлөдөг байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Бусдыг шашны итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхсан хамгийн ойрын жишээ:
Энэ жишээ бол “Улаанбаатар марафон 2026”-ийн үеэр сэтгүүлчид өгсөн олны танил охины ярилцлага юм. Тэрээр ямар нэг тулган шаардсан, уруу татсан өнгө аясгүйгээр өөрийн итгэл үнэмшлээ илэрхийлсэн. Мөн “100% Jesus” гэсэн бичигтэй малгай өмссөн байлаа. Харин сэтгэгдлүүд нь нэг иймэрхүү.

Угтаа шашин шүтэх эс шүтэх эрх нь хувь хүний салшгүй эрхүүдийн нэг бөгөөд энэ эрхийг ямар нэг хэлбэрээр хязгаарлах, тулгах, шахах, үл хүндэтгэх, шүтлэгээр нь далимдуулан доромжлох, гутаах зэргийг ардчилсан нийгэмд ноцтой хэрэг хэмээн үздэг.
Үүнтэй холбоотойгоор хүний эрхийн идэвхтэн Ц.Цэвээнравданы байр суурийг хүргэж байна.

Хэн нэгэн өөрийн шашны итгэл үнэмшлээ нээлттэй илэрхийлдэг байх нь зөв үү?
- Яагаад болохгүй гэж. Хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодол, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Тэр эрхээ нээлттэй эдэлж байгаа хүнийг буруутгах нь өөрөө ардчилсан нийгмийн суурь үнэт зүйлтэй зөрчилдөнө гэж бодож байна. Нийгэмд өөрөөсөө өөр үзэл бодол, амьдралын хэв маягтай хүнийг хараад шууд дайрч давшлах биш, харин хүндэтгэж сурах нь чухал.
Итгэл үнэмшлээ нээлттэй илэрхийлсэн цөөнх шашны итгэгчид рүү дайрах хандлага ажиглагдаж байна. Үүнийг юу гэж бодож байна вэ?
- Мэдээж буруу. Хүн өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, эсвэл үнэт зүйлээсээ болж ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтэд өртөх ёсгүй. Сошиал орчинд хүмүүс өөр бодолтой нэгнийг амархан “cancel” хийх, дайрах хандлага их болсон санагддаг. Гэхдээ бид хүний эрхийг зөвхөн өөртэйгөө адил хүмүүс дээр биш, өөрөөсөө ялгаатай хүмүүс дээр ч хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Надад ч гэсэн ийм зүйлс тохиолдож байсан. ЛГБТИК+ хүний эрхийн талаар ярилцлага өгөхөд “бусдыг уриаллаа”, “хүүхдүүдэд нөлөөллөө” гэх мэтээр дайрч, буруутгах тохиолдол байдаг. Ер нь нийгэмд цөөнх бүлгүүд гадуурхалд өртөх нь элбэг. Тиймээс бид илүү хүлээцтэй, хүнлэг байх тухай ярих хэрэгтэй болов уу.
“Нийгэмд буруу үлгэрлэж байна” гэдэгтэй санал нийлэх үү?
- Би хувьдаа тэр ярилцлагыг харахад бусдыг өөрийн шашинд орохыг уриалсан, шахсан зүйл хараагүй. Хүн өөрийн амьдрал, үнэмшлийн талаар ярьсан нь өөрөө сурталчилгаа гэсэн үг биш. Манайд ер нь өөрөөсөө ялгаатай хүнийг харахаараа шууд “муу нөлөөтэй” гэж тодорхойлох хандлага их байдаг. Гэтэл хүүхдүүдэд хамгийн муу нөлөө үзүүлдэг зүйл нь ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, дээрэлхэлт өөрөө байж магадгүй. Харин олон янзын хүмүүс байдаг, хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой байж болдог гэдгийг ойлгуулж өсгөх нь илүү эрүүл нийгмийн суурь гэж бодож байна.
Сэтгэгдэл үлдээх