БНХАУ-ын санаачлан хэрэгжүүлдэг “Бүс ба зам” төслөөр дамжуулан Монгол Улс дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Үүний нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Тэгвэл энэхүү төсөл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан Эдийн засгийн аюулгүй байдал, Эрчим хүчний аюулгүй байдал болон Нийгэм-соёлын аюулгүй байдал гэсэн гурван үндсэн тулгуурт ямар эерэг, сөрөг нөлөө үзүүлэх боломжтой талаар судлаач О.Эрдэнэболдтой ярилцлаа.
- Юун түрүүнд “Бүс ба зам” санаачилгын талаар ярих нь зүйтэй байх. Энэхүү төслийн зорилго, ач холбогдлыг тайлбарлавал?
- “Бүс ба зам” санаачилгыг анх 2013 онд БНХАУ-ын Коммунист намын дарга Ши Жинпинь санаачилсан бөгөөд хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай 140 гаруй орон нэгдэж, тодорхой хэмжээний зээл, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна. Уг төслөөр Төв Ази, Европ болон Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг хамруулан дэд бүтэц, эрчим хүч, тээвэр логистик зэрэг улс орны дэд бүтцэд анхаарах зорилготой мега төсөл юм. Үүний нэг нь Монгол Улс. Энэхүү төслийн хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын баг байгуулагдсан бөгөөд Хятадын шинэчлэл хөгжлийн хороотой хамтарч ажилладаг. Төслийн гол амбицыг Хятадын Ерөнхийлөгч “эв нэгдэл” болон “хамтдаа хөгжье” гэж тодорхойлж байсан.
- “Бүс ба зам” төслөөр манай улс ямар, ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?
- Манай улс анх “Бүс ба зам” төслийн хүрээний томоохон чуулга уулзалтын үеэр 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлж байсан. Үүний хүрээнд хэрэгжиж байгаа хамгийн том төсөл бол “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор” гэх төсөл. Үүнд хөрш гурван орны хуурай замаар холбогдох төмөр зам, авто зам болон эрчим хүчний томоохон төслүүд багтаж байгаа. Харин яг одоогийн байдлаар бодитой хэрэгжиж буй төсөл нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Монгол Улсын экспортын хамгийн том боомт болох Гашуунсухайт ганц мод боомт юм. Эдгээрээс гадна харилцаа холбооны чиглэлийн төслүүд байгаа. Харин яг одоо бүтээн байгуулалтаа хийгээд хэрэгжиж нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц тул тус сэдвээр бичил судалгаа хийсэн.
- Усан цахилгаан станцын талаар тодорхой мэдлэг, ойлголтгүй хүмүүс байж магадгүй шүү дээ. Усан цахилгаан станц ер нь хэр ач холбогдолтой төсөл вэ?
- Усан цахилгаан станцыг тухайн байршилд байрлаж байгаа томоохон голын урсгал болоод хүчин чадлыг судалсны үндсэн дээр барьдаг. Гэнэтийн осол, байгалийн давшгүй хүчин зүйл, ган гачгаар зэрэгт өртөж тухайн урсгал ус тасалдахгүй л бол цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн үргэлжилдэг. Усан цахилгаан станцын ганц давуу тал бол энэ. Мэдээж эдгээр эрсдэл, хүчин зүйлийг гидерлогичид тогтоосны үндсэн дээр барих эсэхийг тогтоодог. Мөн усан цахилгаан станц нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг бодоход тохируулга хийхэд хамгийн хялбар. Нүүрсээр ажилладаг станцад ямар нэг гэмтэл гарахад бид 2-3 цаг цахилгаангүй болчихдог бол усан цахилаан станцад тохируулгаа хийгээд л хурдан хугацаанд цахилгаанаар хангадаг.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун бүсийн аймгуудыг эрчим хүчний хараат байдлаас салгах эдийн засгийн өндөр ач холбогдолтой.
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ер нь манай улсад ямар ач холбогдолтой төсөл вэ, та судалгааныхаа явцад ямар үр дүнд хүрэв?
- Монгол Улс нь далайд гарцгүй, хоёр их гүрний дунд оршдог геостратегийн онцлог байршилтай тул "Бүс ба зам" санаачилгыг үндэсний хөгжлийн бодлого "Талын зам"-тайгаа уялдаж хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байсаар ирсэн. Гэвч тус санаачилгын хүрээнд хийгдэж буй томоохон санхүүжилт, дэд бүтцийн төслүүд нь нэг талаас үндэсний хөгжилд түлхэц болох эерэг боломжийг бүрдүүлдэг ч, нөгөө талаас гадаад өрийн ачаалал, эдийн засгийн хамаарал, нийгэм-байгаль орчны эмзэг байдал болон үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө, эрсдэл дагуулах талтай байдаг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд голын Шижигтийн хавцалд Хятадын Exim (Эксим) банкны 20 жилийн хугацаатай 288 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй. Төслийн санхүүжилтийн 95 хувийг уг банкны зээлээр, үлдсэн хувийг Засгийн газар бүрдүүлж байгаа. Төслийн ач холбогдол бол Монгол орны баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хараат байдлыг арилгах явдал юм. Баян-Өлгий, Ховд, Увс аймаг жилийн эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортолдог. 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд дунджаар 360 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын сэргээгдэх эрчим хүчний бие даасан байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой. Ач холбогдолтой нь бол санал нийлж байна. Харин энэхүү зээлийн ард гарч болох эрсдэлүүдийг судалж, хэд хэдэн эрсдлийг тодорхойлсон. Нэгдүгээрт, “Өрийн хавх”. Энэ бол учирч болох хамгийн том эрсдэл. Энэ нь усан цахилгаан станцаа амжилттай хэрэгжүүлчхээд зээлээ буцаан төлж чадахгүй байдалд хүрэхийг хэлээд байгаа юм. Зээлийн эргэн төлөлт ба валютын ханшийн савлагаа нь Монгол Улсын төсөв болон макро эдийн засагт тодорхой дарамт үүсгэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, гурван аймгийн газар чөлөөлөлт болон нутгийн иргэдийн нөхөн олговрын асуудал. Усан цахилгаан станц гурван аймгийн газар нутгийг дамнаж байрлах тул нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрыг зохицуулах асуудал байна. Бөхмөрөн, Баяннуур, Эрдэнэбүрэн сумын бэлчээр, нутгийн иргэдийн өвөлжөө, хаваржаа, мөн соёлын өв болох археологийн дурсгалууд энэ хэсэгт хамрагдаж байгаа. Гуравдугаарт, станц бэлэн болсны дараах хүний нөөцийн асуудал.
- Уг төсөл нэлээн олон жил яригдсан шүү дээ. Одоо бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай байгаа бол?
- Анх 2018 онд хоёр тал тохиролцон баримт, бичгээ боловсруулж байсан. Тухайн үед нутгийн иргэдийн эсэргүүцэл хүчтэй өрнөж байсан зэрэг бас бус асуудлууд байсан учраас 2021-2022 онд гацалтын байдалтай байсан. Мөн тус хугацаанд гүйцэтгэгч компани 2-3 удаа солигдсон байдаг. Одоо бол уг төслийг Хятадын “Повер Чайна” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2025 оноос бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, 18 хувьтай үргэлжилж байна. Барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах гэрээний дагуу 2025 оны 7 сарын 30-ны өдрөөс албан ёсоор эхлүүлсэн ба нийт 61 сарын хугацаанд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.
- Өрийн хавх гэх ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлавал, ямар эрсдэлээр ийм нөхцөл байдал үүсдэг вэ?
- Өрийн хавх гэдэг ойлголт нь энгийнээр өрийн дарамтад орохыг хэлж байгаа юм. Тухайн төслийн гэрээ, хэлэлцээрийг хийхдээ дараагийн хэдэн жилийн давшгүй нөхцөл байдлын эрсдэлийг урьдчилан тооцсон байх ёстой. Эс тэгвээс валютын ханшийн зөрүү, гадаад, дотоод нөхцөл байдал болон геополитикийн олон хүчин зүйлсээс шалтгаалж, зээлийн төлөлт нэмэгдэж, эргэн төлж чадахгүй байдалд орох аюултай. Үүнээс л өрийн хавх үүсдэг. Гадаад өрийн дарамт хэт өсвөл улс орны зээлжих зэрэглэл буурч, бусад стратегийн төслүүдийн гадаад санхүүжилт хаагдаж, макро эдийн засгийн шок үүсдэг. Мөн өрийн эргэн төлөлт саатсан тохиолдолд стратегийн дэд бүтцийн эзэмшил, удирдлагын эрхэд гаднын нөлөөлөл орох аюултай. Жишээ нь Лаос улс “Бүс ба зам” төсөлд хамрагдан яг манайхтай адил усан цахилгаан станцтай болсон боловч дээр дурдсан эрсдэлүүд биеллээ олсны улмаас зээлийн ачааллаа дийлэхээ больж, эдийн засгийн хямралд орсон. Ингээд бүтээн байгуулсан төслийн менежментийн удирдлагынхаа ихэнх хувийг Хятадын талд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл эрчим хүчний тусгаар тогтнолоо алдсан гэсэн үг.
- Тэгвэл Хятад улс зорилгоор хөгжингүй орнуудад энэ мэтчилэн төсөл хэрэгжүүлж, хараат байдал бий болгохыг зорьж байна гэж хардаж болох болов уу?
- Дипломат харилцаанд зориудаар, албаар гэсэн ойлголтыг ярьж болохгүй. Харин тухайн улсаас тавьж байгаа саналыг бид өөрсдийн бодлого, үндэсний аюулгүй байдалдаа нийцүүлж гэрээ, хэлэлцээр хийх ёстой. Манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын гурван том бодлоготой. Хятадын зүгээс ч бүс нутгийн хэмжээний том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тул өөрсдийнхөө ашиг, сонирхолд нийцсэн шаардлагаа тавина. Харин тэр шаардлагыг өөрсөд дээрээ хүлээж авахдаа нэн няхуур хандах ёстой. Нэг жишээ дурдахад, Итали улс “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн байж байгаад дараа нь манай улсын бодлогод нийцэхгүй гэж үзсэн учраас хөтөлбөрөөс гарсан байдаг. Энэ мэтчилэн тухайн улс өөрсдөд ирэх эрсдэлээ тооцоолсны үндсэн дээр аливаа олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй.
- Таны хувь энэ сэдвийг барьж авч, судалгаа хийх болсон шалтгаан юу байв?
- Хятадын “Бүс ба зам” гээд энэ хөтөлбөрийг ерөнхийд нь буюу том хүрээнд авч судалсан хоёр том судалгааг манай улсад хийж байсан. Миний судалгаа бол үүнийг бодоход бичил судалгаанд орно. Судлаачийн хувьд яг бодитой хэрэгжиж эхэлсэн ажлыг сонгож манай улсад ирэх эерэг болон сөрөг талыг тодорхойлохыг л зорьсон. Эдийн засаг, санхүү талаас нь мэргэжлийн хүмүүс нь илүү сайн ярих байх. Ер нь дөнгөж яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа хөтөлбөрийг сонгож судалгаа хийх жаахан дутагдалтай. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол хоёр тал хэлэлцэж, батлаад хэрэгжээд эхэлчихсэн төсөл учраас судалгаа хийхэд хамгийн тохиромжтой байсан гэж хэлж болно.
Төсөл амжилттай хэрэгжихэд эрсдэлийн менежментийг зөв хийж, бүтээн байгуулалтын ажил болоод санхүүгийн тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэх ёстой.
- Монгол Улс маш олон гадаадын хөнгөлөлттэй зээлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг шүү дээ. Мэдээж амжилттай хэрэгжвэл үр өгөөжөө өгөх ч үүний цаана өр гэдэг том зүйл байна. Тэгвэл энэ тал дээр манай улс ямар бодлого баримталж ажиллах хэрэгтэй вэ?
- Яг зөв. Их сайхан асуулт байна. Монгол Улсын “Гадаадын зээл ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийг саяхан баталсан. Жишээ болгож ярихад газрын тосны үйлдвэрийн ажил саяхнаас л гацаанаасаа гарч, үргэлжилж байна тиймүү. Энэ төслийн ажил өдийг хүртэл зогсоод байсны учир бол яг энэ өр, зээлтэй холбоотой. Учир нь Энэтхэгээс авч байгаа зээл нь Монгол Улсын өрийн таазанд тулсан буюу хязгаартаа хүрсэн учраас ажил үргэлжлэх боломжгүй болсон. Үүнийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн баталсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь энэ хуульд хамаарна. Өөрөөр хэлбэл өрийн хэмжээ дээд цэгтээ хүрсэн тохиолдолд эдгээр томоохон төсөл, хөтөлбөр гацна. Жишээ нь иргэн Б хэд хэдэн газар давхар зээлтэй. Нэмээд зээл авах гэтэл таны зээл авах хэмжээ тулчихсан байна гээд зээл олгодоггүй шүү дээ. Яг үүнтэй л адил. Нөгөө талдаа өрийн таазыг өндөрсгөх тусам төлөх өр нэмэгдэж, нөгөө өрийн дарамт үүсдэг. Тиймээс санхүүгийн шинжээч, судлаачид УИХ-д зөвлөмж хүргэж ажилладаг. Эрх баригчид үүн дээр үндэслэн шийдвэрээ гаргаж, гол нь тухайн төсөл, хөтөлбөрүүдийн ач холбогдлыг эрэмбэлж ажиллах ёстой. Тэр өрийг бидний татварын мөнгөөр л барагдуулна шүү дээ.
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжих таван жилийн хугацаанд юунд голлон анхаарах ёстой вэ?
- Нэгэнт бид зээл аваад төслөө хэрэгжүүлээд эхэлчисэн байгаа үед зээлийн гэрээ болон төслийн техник эдийн засгийн үзүүлэлтэд тусгагдсаны дагуу яг зориулалтаар нь өндөр чанартай бүтээн байгуулалт босгох ёстой. Дээрээс нь нөгөө л яриад байгаа санхүүгийн механизмаа сайжруулах хэрэгтэй. Зээлийг мэдээж нэг дор олгохгүй бөгөөд хэрэгжилт, гүйцэтгэлээр нь олгох тул төсвийн бодлоготой уялдуулж, эрсдэлийг тооцож ажиллаж байж төсөл амжилттай хэрэгжинэ. Би хувьдаа энэ төслийг амжилттай хэрэгжиж дуусах байх л гэсэн хүлээлттэй байгаа. Хамгийн гол нь энэ том бүтээн байгуулалт босмогцоо усан цахилгаан станц үйлдвэрлэсэн цахилгаанаараа өөрийнхөө өртгийг нөхөх ёстой. Төсөл хэрэгжиж, хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлөлт хийгдсэний дараа дотооддоо 1 кВт.ц цахилгааныг ойролцоогоор 60 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэх боломжтой болно. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл зөвхөн баруун бүсийг цахилгаанаар хангаад зогсохгүй тухайн бүс нутаг дахь томоохон стратегийн ордуудыг эхлүүлэх боломж бүрднэ. Жишээ нь Асгатын мөнгөний орд, Ховд аймгийн газрын ховор элэментийн орд зэргийг эргэлтэд оруулах анхны дэд бүтцийг бий болгоно гэж харж байгаа. Энэ бүхнийг сонсох сайхан ч дахин хэлье, төсөл амжилттай хэрэгжихэд эрсдэлийн менежментийг зөв хийх нь хамгийн чухал. Дэлхий, ертөнцөд хэдэн жилийн дараа юу тохиолдохыг бид мэдэхгүй учраас санхүүгийн болон төслийн хяналтад анхаарч, дээр дурдсан Лаосын жишээнээс сургамж авах хэрэгтэй.
- Газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ гэхэд ажиллах хүчний асуудал гарч ирнэ гэж захирал нь сануулж байсан. Тэгвэл үүнтэй адил асуудал Эрдэнэбүрэн дээр гарах боломжтой юу?
- Мэдээж бид боловсон хүчний асуудалтай тулгарах бүрэн боломжтой. Гэхдээ манайх энэ салбарт тийм ч хоосонгүй улс. Тайширын усан цахилгаан станц, Богдын голын голын усан цахилгаан станц дээр ажилладаг туршлагатай мэргэжилтнүүд багагүй байгаа. Мөн тухайн бүтээн байгуулалтын онцлогт тохируулж, үйлдвэр, техник технологийн боловсон хүчээ бэлтгэхийг зээлийн хэлэлцээрт тусгагдсанаас гадна дотоодын туслан гүйцэтгэгч компани энэ чиглэлээр ажилчдаа бэлтгэж байгаа. Үнэхээр боловсон хүчингүй болчихвол энэ төсөл асар том эрсдэлд орно. Ажиллуулж чадахгүй төслөөр бид яах вэ дээ. Өөрсдөө чадахгүй бол гаднаас мэргэжилтнүүд оруулж ирж ажиллуулах шаардлагатай болно.
- Ярилцлагын төгсгөлд судлаачийн өөрийн итгэл үнэмшил, хүлээлтээсээ хуваалцаач.
- Хэлэхийг хүссэн гол санаа бол мэдээж төсөл амжилттай хэрэгжвэл цахилгааны хараат байдлыг бууруулах зэрэг олон эерэг нөлөө авчирна. Хамгийн гол нь эдийн засгийн өндөр үр ашигтай ч манай улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчин, геополитикийн нөхцөл байдалд үүсэж болзошгүй эрсдэлийг судалж, зөвлөмж хүргэх нь л судлаачийн ажил. Дээр дурдсанчлан эдийн засгийн томоохон үр өгөөж зэргийг илүү мэргэжлийн хүмүүс ярих нь зөв.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх