УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт хатуухан сануулга өглөө.
Эхлээд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Хуулийн ерөнхий зарчмыг дэмжиж байна. Гэхдээ шүүмжлэлтэй хандах зүйл бий. УИХ-ын даргад ч шүүмжлэлтэй хандах зүйл бий. Гурван жилийн өмнө УИХ-ын дарга захирамж гаргаад Засгийн газрын хууль санаачлах эрхэд нэлээн ноцтой халдсан. Яагаад тэгсэн юм мэдэхгүй, баахан УИХ-ын гишүүний дунд эрүүл мэндийн чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх ажлын хэсэг гэж байгуулсан юм билээ. Би энэ зарчмыг буруу гэж үзэж байгаа. Засгийн газар хууль тогтоох, санаачлахаа бодлогын яамд хариуцуулах ёстой гэж боддог. Хоёр жилийн өмнө энэ хуулиар Засгийн газраас санал авсан юм билээ. Хоёр жил гэдэг урт хугацаа учраас дахиж санал авах ёстой гэж бодож байна. Яг одоо өргөн баригдаад хэлэлцэж буй энэ хуулийн төслийг Эрүүл мэндийн сайдын хувьд дэмжихгүй" гэсэн юм.
Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар "С.Чинзориг гишүүн Үндсэн хууль зөрчиж, огцрох болзол хангасан үг хэллээ шүү. Хэлсэн үгээ сайн анализ хийж үзээрэй. Үндсэн хуульд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална гэж заасан. Хууль тогтоох эрх мэдэл Засгийн газарт байдаг, тэрэнд халдлаа гэж юу яриад байгаа юм бэ. Хоёрдугаарт, хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. Засгийн газар бол хууль биелүүлэх эрхтэй субъект. Тиймээс энэ яриа Үндсэн хуулийн цэцэд очвол та энэ үгээрээ огцрох үндэслэлээ хангалаа шүү" гэв.
Мөн үүн дээр нэмээд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "С.Чинзориг сайдын хэлж буй үгийг би гайхаж байна. Бидний гол ажил бол хууль санаачлах. Бидний ажлыг буруу гэж хэлж байгаа нь УИХ-ын даргын хэлж буйгаар Үндсэн хуулийн зөрчил" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх