Б.Пүрэвдагва ажлаа аваад арав ч хонолгүй ГУРВАН СЭДВЭЭР шүүмжүүлж эхлэв

.Graph
2026-06-08

Хотын даргаар Б.Пүрэвдагва томилогдоод арваад хоног л өнгөрч байна. Монголчууд бид шинэ улс төрчид “Ажлаа аваад удаагүй байгаа юм даа, дөнгөж ажлаа авч байхад нь шүүмжлээд яах билээ, ирээдүйд юу хийж бүтээхийг нь хэн ч мэдэхгүй” гэх мэтээр цаг хугацаа олгож, шүүмжээ хойш тавьдаг нэг бичигдээгүй хуультай. Гэвч энэ хууль Б.Пүрэвдагвад үйлчилсэнгүй, ажлаа аваад арав ч хоноогүй байхдаа олон зүйл дээр шүүмжлүүлж эхэллээ. 

Намчдаар багаа бүрдүүлэв

Тэрээр томилогдсон даруйдаа Ажлын албаны даргаараа Ж.Эрдэнэбаярыг томилжээ. Түүнийг Mongol HD телевизийн “Apprentice” шоунд оролцож байснаар нь хүмүүс мэднэ. Тус нэвтрүүлгээр танигдсаныхаа дараа тэр Ч.Номинг Соёлын сайд байхад нь зөвлөх хийж байгаад дараа нь Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад УИХ-ын Сурталчилгааны хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Түүнчлэн нэгэн иргэнтэй зүй бус харьцсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байсан удаатай. 

Ж.Эрдэнэбаярыг томилсныхоо дараа Б.Пүрэвдагва зөвлөхөөрөө Ү.Амарбатыг томилсон. Тэрээр Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж буй бөгөөд мөн л Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байх үед УИХТГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, мониторинг хариуцсан дэд даргаар ажиллаж байсан. 

Ч.Мэндбаярыг Хотын ерөнхий менежер болгов. Тэрээр 2022 онд айл өрх, ААН, байгууллагын  усны төлбөрт илүү бичилт хийж, төрөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-т шалгагдаж байжээ. 

Б.Пүрэвдагвын хувьд халаа солио хийхгүй гэдгээ мэдэгдсэн, улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн гэж яригддаг ч чухал албан тушаалуудад Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талын хүмүүсийг тавилаа. Нэг талаар залуусаар багаа бүрдүүлсэн гэж харж болох ч нөгөө талд ажил хийж үзээгүй, нам дагасан хүмүүсээр нийслэл дүүрлээ гэх шүүмж гарч байна. Тэр нь ч үнэний ортой. Учир нь, Б.Пүрэвдагва өөрөө НИТХ-ийн төлөөлөгчөөс өөр ажил хийж үзээгүй. НИТХ төлөөлөгч байхдаа ч гойд сайн ажиллаж, олон нийтийн хараанд өртөж чадаагүй. Цүнх барих нь давуу талтай гэж ярьж явсан нэгэн. Харин Ж.Эрдэнэбаяр, Ү.Амарбат нарын хувьд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын үед албан тушаалд очсон залуус. 

Б.Пүрэвдагвын хийж буй энэ томилгоонууд Б.Пүрэвдагвыг ямар хүн бэ гэдгийг бэлхэн харуулж байна. 

Хүүхдийн зуслан гэж попров

Хотын даргын анхны амлалт нь 1000 хүүхдийн зуслан барьж ашиглалтад оруулна гэсэн мэдэгдэл байв. Уг зуслан нь нэг дор 1000 хүүхэд хүлээн авах чадамжтай, дөрвөн улирлын, тэгээд төр хувийн хэвшлийн түншлэлээр баригдах юм байна. Үүнийгээ тэр зургадугаар сарын 1-ний өдөр зарласан нь цаг хугацааны хувьд тохирсонгүй. Учир нь, энэ удаагийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үеэр гуравхан настай хүүхэд цооногт унаж амиа алдаж, өсвөр насны хүүхэд хогийн цэг дээр шороонд даруулж нас барсан. Монголчууд бид баярлаагүй, харин эмгэнэсэн. Гэтэл Б.Пүрэвдагва тайзан дээр инээж зогсож байгаад, эмгэнэл ч илэрхийлэхгүйгээр зуслан ярьж попров. Тэдгээр осол нийслэлд болоогүй болохоор тэгсэн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Юу үнэн бэ гэвэл, түүний попролт цагаа олсонгүй. 

Үнэн хэрэгтээ, хүүхдүүдэд зуслан гэхээс илүү 

  • Өвдөөд очиход шалан дээр хэвтдэггүй, 
  • Ангидаа шахцалдаж суудаггүй,
  • Тоглож байгаад амь насаа алддаггүй,
  • Ээж аавтайгаа байх цагаа түгжрэлд өнгөрөөдөггүй,
  • Утаа униар, баас шээсээр амьсгалдаггүй тийм л хот хэрэгтэй байна. 

Хүүхдүүдийн амьд явах, амьсгалах наад захын энгийн хэрэгцээг нь хангах шаардлага байгаа болохоос зуслан бол зуудугаар асуудал болоод байна. 

Хувийн амьдрал чинь хэнд ч хамаагүй

Б.Пүрэвдагва томилогдсон даруйдаа “Зургадугаар сарын 18-нд хуримаа хийх гэж байгаад цуцаллаа” гэж мэдээлсэн. Хэн ч түүнээс хуримаа хийх талаар асуугаагүй. Харин олон нийтийн хувьд Ерөнхийлөгчийн хүргэн хотын дарга болчихсон юм биш биз гэж болгоомжилж байсан учир тэр асуултын хариултыг өгөх нь зүйн хэрэг. Харин хуримын талаар ярьсан нь хадуурсан хэрэг. Үнэндээ хувийн амьдрал чинь хэнд ч хамаагүй. Т.Даваадалай шиг эхнэр нь хууль бус тендер авчихсан бол харин хамаатай. Тиймээс цаашид хувийн амьдралаа бус урдах ажлаа ярьж байх хэрэгтэй байна. 

Тэрээр ажлаа аваад арваад хонож байгаа ч энэхүү гурван сэдэв дээр шүүмжлэл авч эхлээд байна. Түүний хувьд өмнөх Хотын дарга Х.Нямбаатартай жишүүлж, харьцуулагдах нь гарцаагүй. Тиймээс илүү дутуу пиараа хойш тавьж, нийслэлд тулгамдаад буй том том асуудлуудыг зоригтой барьж аваад шийдэх хэрэгтэй байна. 

Монголчууд бид залуу хүн учир ихийг хийх байх гэж итгэл хүлээлгэдэг. Гэвч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар тэргүүтэй хүмүүс хөгшин, залуу ямар ч ялгаагүй юм биш үү гэх эргэлзээг төрүүлсэн. Тэдний хамгийн том алдаа бол эрх мэдэлдээ мансуурч, иргэдээ сонгохгүй, эргэн тойрны хүмүүс зөвлөх, туслахуудаа бөгс долоогчдоор дүүргэж, үнэнийг хэлсэн хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачдыг цовдолж яллаж, хэт вакумжсанаар тийм байдалд хүрсэн. Тиймээс шинэхэн хотын дарга урт холын улс төрийн кареертэй байя гэвэл ах нараасаа суралцаж алдааг нь давтахгүй байх хэрэгтэй. Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг гэдэг шүү. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe