Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Тус захирамж нь аймгийн зарим суманд бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг хумих, устгах, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилготой юм.
Захирамжаар 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэмтэй уялдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг тусгай горимоор ажиллуулахыг үүрэг болгожээ.
Мөн шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай хүн хүч, техник хэрэгсэл, нөөцийг дайчлан ажиллуулахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгасан байна.
Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан болон Онцгой байдлын газрын дарга, хурандаа З.Азат нар хяналт тавьж ажиллах юм.
Шүлхий өвчний тархалтыг хязгаарлах, мал сүргийг хамгаалах зорилгоор иргэд, малчдыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг мөрдөж, хорио цээрийн дэглэмийг чанд сахихыг албаныхан анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх