АН: Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох асуудлыг хөндөнө

Ц.Чимэдцэеэ
2026-06-08

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, цаашид улс төрийн хариуцлага тооцох асуудлыг хөндөж эхэллээ.

Тус намын төлөөлөл Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгийн нөхцөл байдал болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг онцолж, Ерөнхий сайдын түвшинд хариуцлага ярих шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн хурлын мэдээллээ хуваалцах үеэрээ "Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулна" гэдгээ илэрхийллээ.

Үүнд гурван настай охин нас барсантай холбоотойгоор хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлэхэд хариу ирүүлээгүй, хариуцлага тооцоогүй өдий хүрсэн нь Ерөнхий сайдтай өөртэй нь хариуцлага ярих шаардлага үүсгэсэн гэв. Харин эрдэнэт хүний амь нас яригдаж байгаа тул улс төрийн акц биш хэмээн тодотгов.

Н.Учрал нь 2026 оны гуравдугаар сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд шинэ Засгийн газраа байгуулан ажиллаж эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа юм.

Улс төрийн хүрээнд АН болон эрх баригч МАН-ын хоорондын зөрчил сүүлийн саруудад эрчимжиж байгаа бөгөөд сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайдын үйл ажиллагаанд илүү хатуу хяналт тавих байр суурь баримталж байгаа нь энэ удаагийн мэдэгдлээс харагдаж байна. Харин Ерөнхий сайд болон эрх баригч намын зүгээс уг асуудалд ямар хариу өгөх нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe