15 настай хүүхэд цагийн ажил хийх явцдаа нас барсан нь хуулийн хэрэгжилт хангалтгүйг батлав

.Graph
2026-06-09

Насанд хүрээгүй буюу 15 настай хүүхдийг цагийн ажилд зуучлан барилгын хог цэвэрлүүлнэ гэж хэлээд даацын хана нураалгах ажил хийлгэх явцад даацын хана нурж хүүхэд газар дээрээ нас барсан харамсалтай үйл явдал 5 сарын 18-ны өдөр болсон.  Ажилд зуучилсан газар нь хорооллын эцсийн Самшил хэмээх цагийн ажилд зуучлагч ААНБ байсан бол ажил олгогч нь “Кимбаб чонгуг” гэх газар байжээ.

Энэ хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгч мэдээлэл хийж, Ерөнхий сайдад энэ мэт газруудад тавих хяналтыг сайжруулахыг шаардлаа. Дахин өөр гэр бүл энэ мэт харамсалтайгаар хайртай үр хүүхдээ битгий алдаасай хэмээн хүсч байгаагаа ар гэрийнхэн нь мэдээллээ.

15 настай талийгаач хүүгийн төрсөн ах: Дүү чинь нурангид даруулчихлаа гэсэн дуудлага аваад Хороололд байх Кимбаб чонгуг гэдэг хоолны газар очсон. Тэгэхэд Аврах ангийн ахлагч гарч ирээд “Дүү чинь чамайг орхиод явчихлаа” гэсэн муу мэдээ дуулгасан. Өмнө нь ажилд гарахдаа надтай хамт гардаг байсан ч тэр өдөр ганцаараа явсан байсан. Ам бүл 3-уулаа. Намайг ажилтай үед ээжийг хараад гэртээ байдаг байсан ч тэр өдөр хэлэлгүй гарсан байсан. Би өөрөө 18 настай. Хэрэг гарсны дараа Цагдаагийн байгууллагад хандахад “Шүүхийн шийдвэр” гараагүй болохоор хүлээж бай гэсэн тайлбар хэлсэн хэмээлээ.

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Энэ хэрэгт Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Насанд хүрээгүй хүүхэд тухайн газарт очиж барилгын хана нураах ажил хийсэн байна. Монгол Улсад  13-15 насны хүүхэд хөдөлмөр эрхэлж болох хуулийн зохицуулалт бий. Гэхдээ ямар ажил хийж болохыг салбарын сайд нь баталдаг. 13-15 нас хүртэлх бага насны хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтад барилгын ажил орсон байдаг. Гэтэл ажил олгогч, ажил зуучлагч аль аль нь хууль дүрмээ баримтлаагүй, зөрчсөн байна. Бид өнөөдөр ар гэрийнхнийх нь хүсэлтээр бага насны хүүхдээр эрхэлж болохгүй ажил хийлгэхгүй байх хуулийн зохицуулалтыг мөрдүүлэх, дахиад ийм харамсалтай хэрэг гаргахгүй байх үүднээс Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүүд албан шаардлага хүргүүлж байна.

Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү:  “15 настай хүүхэд ажил хийж байгаад амь насаа алдсан. Зуулчлалын компани илтэд хууль зөрсөн байна. 15 нас хүрээгүй хүүхдийн хийж болохгүй ажлын жагсаалтад барилгын ажил орсон байдаг. Гэтэл зохицуулалт байсаар байтал хүүхэд ажиллуулсан, аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй зэрэг ноцтой зөрчил байна. Хуулиараа бол эцэг эх асран хамгаалагч хүүхдээр ажил хийлгэхийг зөвшөөрч гарын үсэг заавал зурах ёстой”. Аль аль талдаа хариуцлага алдаж 15 настай хүүхэд амь насаа алдлаа.

Бид Цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлнэ. Нэг хэрэг гарахад шуугиад дуусах биш цаашдаа хууль дүрэм журмыг мөрдүүлэх тал дээр илүү анхаарч ажиллана. Талийгаачийн ар гэр болон, өмгөөлөгчөөс гарсан хүсэлтийг хүлээн авлаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe