Улаанбаатараас хөөрч буй оргилуун бөмбөлгүүд

.Graph
2026-06-09

Дөрвөн төрх, дөрвөн түүх

Улс төрийн маргаан, үнэ ханш, хэрүүл уруул, хэрэг төвгийн талаарх мэдээллээс залхаж байгаа бол энэ өгүүллийг уншаарай. Улаанбаатараас дэлхийг нээж, дэлхийд гарч, дэлхийн жишгээр ажиллаж, амжилтад хүрч байгаа ОРГИЛУУН сэтгэлтэй залуусын төлөөллийг “ОРГИЛУУН” брэнд танилцуулж байна. Ийм залуус олон бий. Бүр ч олон болно

МИЛАН-УБ-МИЛАН

Дэлгэрбатын Мөнхбаясгалан бол “Гоёл кашмир” ХХК-ий креатив захирал. Албан тушаал, ажилладаг компани нь танд нэг их юм өгүүлэхгүй байх. Харин “Милан Кортина 2026” өвлийн олимпид оролцсон Монголын баг тамирчдыг гоёсон ноолууран хувцсаар нь монголчууд бид төдийгүй тив дэлхийнхэн түүнийг эчнээ мэддэг болсон юм.

Хагас жилийн өмнө Монголын багийн гоёмсог хувцасны тухай Instagram дээрх нэг өгүүлэл гэхэд 300 мянга давсан лайканд даруулж байв.

“Монголын олимпийн багийн хувцас нь харах нүд баясгах төдийгүй өв уламжлал, ардын урлал, бэлгэдэл зүйг орчин үеийн загвараар дамжуулан илэрхийлж байгаагаараа олон улсын анхаарал татаж байна. Зоригтой, сэтгэл татсан, уламжлалдаа гүн үндэслэсэн дүр төрх шуугиан тарьлаа” гэж 90 жилийн түүхэндээ Доменико Дольче (Dolce & Gabbana), Франко Москино (Moschino) зэрэг загварын ланжгар аваргуудыг төгсгөж байсан Марангони хүрээлэн (Istituto Marangoni)-гийн сайтад бичжээ.

Мөн энэ сайтад мөнөөх дуулиан тариад байгаа ноолууран хувцасны загвар зохион бүтээгчтэй ярилцсанаа ч нийтэлсэн байна. Загварын ертөнцийн нэр хүндтэй энэ сургуулийн төгсөгч монгол ноолуураар олимпийн наадамд медаль хүртэх шахуу юм болж байхад арга ч үгүй биз. Миланы төгсөгч урласан бүтээлээрээ Улаанбаатараас Миланд эргэн ирсэн нь тэр байлаа.

Шөнөжин ажиллах оёдлын машины чимээнд гэрээр дүүрэн хөглөрөх зүү утас, зогсолтгүй хөдөлмөрлөх ээж, аав хоёрынхоо тэгээс эхэлсэн тэр хичээл зүтгэлийн үр шимийг өнөө би хүртэж байгаа байх.

Цэцэрлэгт байхдаа "Бяцхан авьяастан" тэмцээнд ороход ээж, аав хоёр маань нойроо хугаслаж шөнөжин оёсон "Цөмөөхэй"-н хувцас, тэр л харамгүй дэмжлэг, ОРГИЛУУН хайр ирээдүйг минь бүтээж өгсөн юм гэж “Гоёл кашмир” ХХК-ий креатив захирал Д.Мөнхбаясгалан өнөөдөр Улаанбаатар дахь урландаа ярьж сууна.

МИШЕЛИНИЙ ОД МИНИЙ МӨРӨӨДӨЛ

Шөнийн 3 цаг. Удахгүй Улаанбаатарт үүр цайна. Их хотынхны зүүд нойрон дундуур, үүр шөнийн зааг энэ л үеэр тэдний ажил эхэлдэг.

- Манай круассан Монголд өөр газар байхгүй. Бид талхаа франц гурил, жор, төхөөрөмжөөр хийдэг. Тогооч нар маань шөнийн гурван цагт ажилдаа ирж, талхаа бэлдэж эхэлдэг. Талх хөөх процессыг мэдрэмжээрээ хянадаг учраас үйлдвэрийн талхаас ялгаатай л даа гэж өгүүлэх энэ залууг А.Болдбаатар гэдэг. Paul Bakery Mongolia, ZU Ballroom, La Rive ristorante… Амт чанар, үйлчилгээгээрээ нэрээ дархалсан энэ газрууд шеф тогооч Болдоогийн “өсгөсөн”, “босгосон” брендүүд юм.

Анхны хоолоо Болдоо дөнгөж хоёрдугаар ангид байхдаа хийж үзсэн гэдэг. Ээж нь бие муутай, аав нь цэргээс группт гарчихсан байсан үе. Гэр орондоо тус нэмэр болох сон гэдэг хүүхдийн хүсэл бяцхан жаалыг гал тогоо руу хөтөлсөн биз. Хоолонд давс, амтлагч, орц болох бүтээгдэхүүнүүд төдийгүй хүний дурсамж, амт, дотоод сэтгэл шингэдэг гэж тэр ярьдаг.

-Манай аав бусад аавуудтай л адилхан улиралдаа ганц удаа гал тогоондоо хоол хийж өгдөг байсан. Гараараа имэрч зуурсан, одоо бодоход макарон гоймон шиг жижигхэн гурилтай шөл. Хүсч хүлээдэг байсан тэр ганц амт, тэр л халуун дулаан сэтгэлийг өнөөдөр ахиж ганцхан мэдэрч, аавынхаа хоолыг идэх юм сан гэж үргэлж бодох юм даа гэж Болдоо санаашрангуй хэллээ.

А.Болдбаатар өнөөдөр алдарт Paul Bakery брэндийн Moнголын салбарт ахлах тогоочоор ажиллаж байна. 1889 онд Францаас түүх нь эхэлдэг PAUL бол дэлхийн даяар 56 улсад 800 гаруй салбартай том сүлжээ. 390 гаруй салбар нь Францад, 400 орчим нь олон улсад бий. Монгол улс дахь салбар нь Азидаа хамгийн том гал тогоотой нь. Тэр том гал тогооны шеф нь А.Болдбаатар хэмээх ОРГИЛУУН зүрхтэй энэ залуу.

-Одоогоор манай Монголд Мишелиний одтой (Michelin Star) ресторан, эсвэл тогооч хараахан байхгүй. Зөвхөн би ч биш, Монголын гал тогооны салбарт зүтгэж байгаа хүн бүр тогоочдын хувьд олимпийн наадмын алтан медаль шиг үнэлэгддэг энэ титмийг мөрөөддөг байх. Би ч гэсэн оргилд нь хүрч, Монгол тогоочийн ур чадварыг дэлхийд тамгалахын төлөө өдөр бүр өөрийгөө дайчилдаг. Үйлчлүүлэгч хийсэн хоолыг маань амтархан зооглоод, хоосон таваг гал тогоонд эргэж ирэх тэр мөчид ёстой ОРГИЛУУН сайхан мэдрэмж авдаг гэж уулзалтынхаа төгсгөлд Болдоо хэллээ.

МАРКЕТИНГ УУ? ЯАВЛАГНААС ШАЛ ӨӨР!

Г.Билгүүнийг Монголын маркетингийн салбарт шинэлэг өнгө төрх, бүтээлч стратегиараа танигдсан контент бүтээгч, брэнд маркетер гэж мэргэжлийн тодорхой хүрээнд андахгүй. Мөн ментор, брэндинг, креатив маркетинг хөгжүүлэх чиглэлээр туршлагаа хуваалцдаг Tonicana хэмээх ник нэрээр нь цахим орчинд олон хүн сайн таньдаг.

“Залуусын дунд алдартай, сэтгэлд нь хамгийн ойр брэндүүдийг гаргаж ирээд зогсохгүй олон газарт маркетингийн шинэ арга, шинэ чиглэлийг бодитоор харуулсан маркетер бол Тоникана. Хэрэв та сошиал дээр хөгжилтэй пост, цаг үеэ мэдэрсэн трэнд байршуулалт харвал тэр бүгд чинь Тониканагийн хийж байсан ажлуудаас улбаатай байх  магадлалтай шүү” гэж түүний тухай цахимд тодорхойлон бичжээ.

Санаачлагч, бүтээгчээс нь илүү санаа, бүтээгдэхүүн нь бидэнд хүрч байна. Энэ бол түүний ур чадвар, ажлынх нь алтан үр дүн юм.

- Нэг хэсэг өглөө болгон ажилдаа очоод хамгийн түрүүнд “Ads of the World” гээд дэлхийн шилдэг сурталчилгаанууд нийтэлдэг платформ руу орж бишрэн үздэг байлаа. Дэлхийн том брэндүүдийн креатив ажлуудыг харж, "Би нэг л өдөр ийм зүйл хийнэ" гэж өөртөө хэлдэг байсан. Салбараа сольж, шинэ сорилттой нүүр тулах болгонд "Би өөрөөр яаж хийж болох вэ? Яаж илүү гоё, илүү далайцтай сэтгэх вэ?" гэж зорьдог байсан. Тэгээд үнэхээр цаг нь ирсэн юм уу, М банкныхаа “Цаг нь ирлээ” зар сурталчилгааны ажлыг хийж дуусгаад, багаараа маш том амжилтын ард гарч чадсанаа мэдэрсэн.

Хийсэн ажлаа зориг гарган өнөө алдарт “Ads of the World” руугаа явуулж орхилоо. Тэгтэл удалгүй "Танай сурталчилгаа дэлхийн шилдэг бүтээлүүдийн highlight хэсэгт нийтлэгдлээ" гэсэн баярт мэдээ и-мэйлээр ирсэн. Долоо найман жилийн өмнөөөс өөрөө харж, биширч суудаг байсан дэлхийн алдартай зар сурталчилгааны ажлууд нийтлэгддэг платформ дээрээс бүтээлээ харах үгээр хэлэхийн аргагүй ОРГИЛУУН мэдрэмж байсан гэж Г.Билгүүн ярьж байна. Брэнд маркетинг бол “Яавлаг байна аа? Тэрнээс шал өөр зүйл” гэдэг хошин үг бий...

АДАЛ ЯВДЛЫН ЭРЭЛЧИН

Түнэр харанхуй ой. Нөмөрч унах гэсэн мэт модод. Дэлхийн хамгийн аймшигт 10 нуурын нэг Колсайн эрэг хөвөө газар. Бороон дусалтай хамт нүүр рүү ширвэх жихүүн салхи. Эргэн тойронд хэн ч үгүй. Энэ бол хар дарсан зүүд биш. Энэ бол соло аялагч, контент бүтээгч, влоггер Цогтсүрэнгийн Очирбатын залуу халуун насны нэгэн шөнө.

-"Чи чадахгүй ээ," "Дэндүү залуу байна," "Ганцаараа аюултай шүү”… Арван долоотой байхад минь эргэн тойрны хүн бүр л ингэж хэлдэг байлаа. Гэвч би бусдын айдсыг биш, өөрийнхөө дотор ОРГИЛЖ байсан хүслийг дагахаар шийдсэн гэх үү дээ. Арван найман нас хүрэнгүүтээ л үүргэвчээ үүрээд, анхны аялалдаа гарсан. Тэр үед эргэлт буцалтгүйгээр мөрөөдлөө сонгосон гэж хал үзэж, хатуу ширүүн олныг туулсан гэмээргүй хүүхдэрхүү төрхтэй Очироо өгүүлэв.

Ноднинхон 2025 оны 7 сард Төв Азийн 3 улсаар 40 хоног ганцаараа аялах замдаа Узбекистаны хил дээр хамаг байдгаа алдсан гээд адал явдал гэхэд гоёдмоор сорилтууд түүнд олон байсан. Дрон, камер, гурвын гурван улсаар хөндлөн гулд хэрсэн бичлэгүүд нь бүгд нүдэн дээр нь үгүй болсон хэцүү мөч түүнийх. Эд зүйлээ алдсан төдийхөн бус хөлс хүч, хөдөлмөр зүтгэл нь үнэгүйдэн үгүй болсон үе. Гэвч бүхнээ алдсан мэт байсан ч түүний доторх ОРГИЛУУН хүсэл хэзээ ч алга болоогүй байжээ.

-Би айдастайгаа нүүр тулсан. Айдсаа даван туулсны дараах тэр мөчид байгаль, эх дэлхийн гайхамшиг, амар амгаланг мэдэрсэн. Үгээр хэлшгүй, бадрангуй, ОРГИЛУУН мэдрэмж байсан. Оргилуун мэдрэмжийг би бусдын ярианаас биш, өөрийнхөө туулсан зам, амьдралаас мэдэрдэг гэж тэр инээмсэглэн хэлж байна.

Энэ бол нэг сард 3000 киломерт замыг орь ганцаараа, эх орноороо хөндлөн гулд аялсан адал явдлын эрэлчний үг. Түүний инстаграмм дахь   ⁠Travel & Backpacking (@occhiroo) хаяг 64 мянган дагагчтай. Очироо бол ОРГИЛУУН хүсэлдээ хөтлөгдөн орчлон хорвоогоор аялагч юм.

 

ТЭД ХЭН БЭ?

Тэд өөр өөр ажил мэргэжилтэй. Тэд ондоо ондоо зорилго тэмүүлэлтэй. Тэд бие биенээ бараг танихгүй байх. Гэхдээ тэднийг нэгтгэдэг зүйл, нийтлэг тал бол Улаанбаатар хот, залуу нас юм. Бас ОРГИЛУУН хүсэл, шантаршгүй зоригийнх нь шагнал болсон амжилтаараа ч адилхан. “Улаанбаатарт Улаанбаатарын л хэмжүүрээр ажиллаж амьдарвал урагшаа ахиж, өөдөө хөгжихгүй. Улаанбаатарт дэлхийн стандарт, олон улсын түвшинг бий болгож байж л Монголынхоо нэрийг гаргаж, өсч хөгжинө” гэх ОРГИЛУУН итгэл үнэмшлээрээ энэ залуус ижилхэн билээ.

Б.ХАТАНЗАЯА

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe