Монголын хамгийн том хөгжмийн наадам “Playtime Festival” энэ жилийн онцлог, зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээллээ.
Юуны түрүүнд тус наадмын Үүсгэн байгуулагч, Хөгжмийн продюсер Ц.Нацагдорж "Playtime наадмыг би өөртөө зориулж хийдэг учир бүх зүрх сэтгэлээ шингээдэг. Сэтгэл шингэсэн зүйл бусдад таалагдах болов уу" хэмээснийг дуулгая.
Мөн энэ наадам “Азийн ТОП 5” хөгжмийн наадмуудын эгнээнд багтах зорилготой ба үүний төлөө олон ажлын ард гараад байна.
“Playtime Festival 2026” долдугаар сарын 2-4-нд “Playtime” хүрээлэнд гурван өдөр зохион байгуулагдана.
24 жилийн түүхэн дэх “оргил жил”-дээ шинэ стандарт тогтоох, олон улсын түвшний хөгжмийн экосистемийг бүрэн хэмжээгээр нэг дор бүрдүүлсэн. Үүнд дараах багтаж байна.
Олон улсын хэмжээний уран бүтээлчид,
дэлхийн жишигт нийцсэн продакшн,
тогтвортой хөгжлийн шийдлүүд
үзэгч төвтэй үйлчилгээний шинэчлэлүүд
Хамгийн өндөр төсөвтэй бүрэлдэхүүн | lineup
Түүхэн дэх хамгийн өндөр төсөв зарцуулсан хөгжмийн хөтөлбөрийг бүрдүүлснээрээ онцлог болж байна.
Амьд хөгжим болон электрон хөгжмийн чиглэлээр дэлхийд танигдсан 21 улсын 123 хамтлаг, уран бүтээлч оролцоно. Энэ жилийн нийт төсвийн 53 хувь нь уран бүтээлчид болон тэдний оролцоотой холбоотой зардалд зарцуулагдаж байгаа нь өмнөх жилүүдийн дунджаас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна.
Олон улсын болон дотоодын 124 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ толилуулна.
Playtime
The Bunkr
989 Ten
Нааглихай
Grove, Fire
“La Vie En Rose”
“Waldo”
Playtime 2026-ын өөр нэг томоохон шинэчлэл нь тайз. Өмнөх жилүүдэд зөвхөн үндсэн тайзнууд дээр олон улсын баг ажилладаг байсан бол энэ жил бүх тайзыг олон улсын продакшны багууд хариуцна.
Голланд, Итали, Японы мэргэжилтнүүдээс бүрдсэн 12 хүний баг гэрэлтүүлэг, дуугаралт, визуал шийдлийг хариуцаж ажиллах бөгөөд Азийн томоохон фестивалиудад ажиллаж байсан мэргэжилтнүүд Playtime-д анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж байна.
Голлох уран бүтээлч
Беларусьийн Molchat Doma,
Норвегийн Kings of Convenience,
АНУ-ын DIIV,
Өмнөд Солонгосын Hyukoh зэрэг хамтлагууд багтаж байна.
Электрон хөгжмийн хувьд
Rødhåd,
Jasss,
Helena Hauff,
DJ Stingray 313,
Jesse You зэрэг уран бүтээлчид оролцоно.
Шинэ хуудас
“Playtime Festival 2026” нь Монголын фестивалийн салбарын хөгжилд шинэ хуудас нээж, олон улсын хэмжээний фестиваль, тайзны урлаг, гэрэлтүүлэг, визуал дизайны чиглэлээр ажилладаг мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж байна.
Фестивалийн тайз, орон зайн ерөнхий концепц дээр Японы архитектор, гэрэлтүүлгийн дизайнер Jiro Endo болон түүний үүсгэн байгуулсан SOINHOUSE studio ажиллаж байна.
Мөн Амстердам хотод төвтэй, уран бүтээлч Rene van Dijk-ийн үүсгэн байгуулсан rene.studio баг фестивалийн тайзны дүрслэлийн шийдлүүд дээр хамтран ажиллаж байна.
Санаа амар наадах нь
Энэ жилийн хяналтын камерын сүлжээ, харуул хамгаалалт, аюулгүй байдлын зохион байгуулалтыг өргөжүүлэн ажиллуулж, үзэгчдийн аюулгүй оролцоог хангах нөхцөлийг бүрдүүллээ. Автомашины зогсоол, дотоод хөдөлгөөний урсгал, нэвтрэх гарцуудын зохион байгуулалтыг шинэчилж, талбай руу нэвтрэх болон гарах процессыг илүү хурдан, ойлгомжтой, саадгүй болгоход анхаарч байна.
Тасалбар
Энэ жилийн онцлох өөрчлөлтийн нэг нь тасалбарын бодлогын шинэчлэл юм. Үзэгчдэд зориулан 2 болон 3 өдрийн тасалбарын сонголтыг санал болгож байгаа нь хувь хүний цаг зав, сонирхолд нийцсэн илүү уян хатан оролцоог бүрдүүлж байна.
Наадмын тасалбар албан ёсны борлуулагч Shoppy.mn-ээр худалдаалагдаж байгаа бөгөөд одоогоор тасалбарын Second Release шат үргэлжилж байна.
Эх дэлхийгээ хайрлах нь | earth. music. art. love
“Playtime Festival” хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлага, хариуцлагатай амьдралын хэв маягт уриалж, тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг түгээн ажилладаг.
Наадмын хүрээнд үүсэх хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах тогтолцоог хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон дахин ашиглах боломжтой дахин ашиглах (reusable cup) хэрэглээг хэвшүүлээд байгаа билээ.
Мөн шинэ талбайдаа мод, бут сөөг, ургамал тарьж ургуулан ой байгуулах зорилт дэвшүүлээд байгаа нь Монгол орны экосистемийг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль орчны боловсролыг түгээн дэлгэрүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт болох юм.
Зөвхөн хөгжмийн наадам бус, харин хүн өөртөө, бусдад болон эх дэлхийдээ хайр түгээх соёлыг төлөвшүүлэх хөдөлгөөн байхыг зорьдог.
Фестивалиас үүдэх нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгоор Playtime баг тогтвортой хөгжлийн бодлогоо үргэлжлүүлж байна.
Одоогийн байдлаар 60 мянга орчим мод тарьсан бөгөөд цаашид нийт 200 мянган мод тарих зорилт тавьжээ. Үүний зэрэгцээ үзэгчдийг хувийн автомашинаар ганцаараа зорчихгүй байх, хамтран унах, автобус ашиглах, наадмын талбайд майхантай байрлахыг уриалж байгаа аж.
Зохион байгуулагчдын тооцоолсноор наадмын талбайд гурван хоног майхантай байрлах нь өдөр бүр хот руу буцаж зорчихоос илүү бага нүүрстөрөгчийн ул мөр үлдээдэг байна.
Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж байна
Playtime Festival нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт бодит хувь нэмэр оруулж буйг онцоллоо.
Олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид зөвхөн Playtime-д оролцохоор Монголд ирдэг болсон нь Азийн орнуудаас жуулчдыг татах нэг хүчин зүйл болж байгааг зохион байгуулагчид тэмдэглэв.
2025 онд Италийн Catalima компанийн хийсэн нөлөөллийн үнэлгээгээр тус наадам нь хөгжмийн боловсрол, соёлын оролцоо, нийгмийн харилцаанд өндөр эерэг нөлөө үзүүлсэн байна. Судалгаанд оролцсон үзэгчдийн дийлэнх нь стрессээ тайлж, шинэ найз нөхөдтэй болж, олон улсын харилцаа холбоогоо өргөжүүлсэн гэж хариулжээ.
Дэд бүтцийн шинэчлэл
Наадмын талбайн зохион байгуулалтыг энэ жил бүрэн шинэчилж, үзэгчдэд илүү тав тухтай орчин бүрдүүлэхээр ажиллажээ.
Үүнд:
Жорлон, шүршүүрийн үйлчилгээний чанарыг сайжруулах
Хоол үйлчилгээний цэгүүдийг цөөлж, чанарыг нэмэгдүүлэх
Аюулгүй байдал, хяналтын системийг бүрэн цахимжуулах
1,500 автомашины хатуу хучилттай зогсоол байгуулах
Төвийн цахилгаан шугамд бүрэн холбогдох зэрэг ажлууд багтаж байна.
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан камерын систем ашиглаж, төөрсөн хүүхэд болон сэжигтэй нөхцөл байдлыг богино хугацаанд илрүүлэх боломжтой хяналтын технологийг нэвтрүүлэхээр болжээ.
Тасалбар зардлын зөвхөн талыг нөхдөг
Зохион байгуулагчдын мэдээлснээр Playtime Festival-ийн нийт зардлын ердөө 50 хувийг тасалбарын орлогоор нөхдөг байна.
Үлдсэн санхүүжилтийг ивээн тэтгэгч байгууллагуудын дэмжлэгээр бүрдүүлдэг бөгөөд энэ тогтолцоо сүүлийн 12 жилийн турш хадгалагдаж иржээ. Хэрэв бүх зардлыг зөвхөн тасалбарын үнэд шингээвэл нэг хүний тасалбарын үнэ сая төгрөгөөс давна гэсэн тооцоо гарсан байна.
"Хамтдаа бүтээдэг наадам" буюу хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл юу хэлэв?
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга С.Туул: Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлалын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг. Олон улсын шинж чанартай, стандарттай ийм фестивалийг тогтмол зохион байгуулах нь эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй. Playtime нь дотоодын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, хүний нөөцийн хөгжилд томоохон түлхэц болж байна. Playtime хүрээлэнгийн талбайг Ногоон хөгжлийн хүрээлэн төслийн хүрээнд хөгжүүлж байна.
MCS Coca-Cola компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ: 2022 оноос хойш тогтвортой хөгжлийн стратегийн түншээр ажиллаж байна. Энэ жил бид хуванцар савыг дахин боловсруулах хөтөлбөрөө үргэлжлүүлж, наадмын талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана. Мөн дэлхийн хөлбөмбөгийн аваргын тоглолтуудыг Coca-Cola тайзан дээр шууд дамжуулна.
М банкны Мерчант банкны менежер Б.Галмандах: Энэ жил фестивалийн экосистемийг дэмжих төлбөрийн шийдлүүдэд төвлөрч байна. Наадам дээр ажиллаж буй үйлчилгээ эрхлэгчид болон үзэгчид илүү найдвартай, түргэн шуурхай төлбөрийн үйлчилгээ авах боломжтой болно. Мөн өнгөрсөн жилийн адил ‘M Garden’ амрах бүсийг байгуулна. Мөн бэлэн бус төлбөрийн системийг үргэлжлүүлэн нэвтрүүлнэ.
АПУ ХК-ийн Импортын албаны дарга Д.Гүнбилэг: 19 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Жил бүр тусгай "edition" бүтээгдэхүүн гаргадаг. Энэ нь фестивалийн соёлын нэг хэсэг болж, үзэгчдийн дурсамж болон үлддэг. Энэ жилээс тусгай hospitality орчныг өргөжүүлэн ажиллуулахаар болсон.
ROC Coffee, Бизнес хөгжлийн газрын захирал Батмэнд: Албан ёсны спонсор болсон. Бид зөвхөн кофе борлуулах бус, Монголын кофены соёл, бүтээлч уулзалтын орон зайг бий болгохыг зорьж ирсэн. Playtime дээр Монгол тодотголыг орчин үеийн соёлтой хослуулсан тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.
Скайтел группийн төлөөлөгч: Скайтел групп шилэн кабелийн сүлжээ байгуулж, бүх байгууллага болон үзэгчдийг өндөр хурдны интернэтээр хангаж байна. Гурван өдрийн турш үзэгчид манай сүлжээгээр хязгааргүй дата ашиглах боломжтой. Бүх үйлчилгээний дижитал ажиллагааг дэмжин ажиллаж байна.
Аюулгүй байдлын технологийн түнш BCT компанийн төлөөлөгч: Шөнийн нөхцөлд ч өндөр чанартай дүрс бичлэг хийх, төөрсөн хүүхэд болон сэжигтэй нөхцөл байдлыг хурдан илрүүлэх боломжтой AI камеруудыг ашиглана. Хэдэн зуун цагийн бичлэгээс хүн, хөдөлгөөнийг секундийн дотор хайж олох чадвартай.
Токи аппын Маркетенгийн менежер Одбаяр: Үзэгчид артистуудын хуваарь, тайзны мэдээлэл, газрын зураг, лайв мэдэгдлийг аппликэйшнээрээ авах боломжтой. Тоглолт эхлэхээс 15 минутын өмнө reminder очдог нь хэрэглэгчдэд маш хэрэгтэй байдаг.. Мөн наадмын талбайд power bank station ажиллуулна.
Юби каб компанийн Маркетингийн хэлтсийн захирал Бат-Эрдэнэ: Бид энэ жил дуудлагын жолоочийн үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулж, аппликэйшнээр урьдчилан тээврийн хэрэгсэл захиалах боломжийг нэвтрүүлнэ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад үзэгчдийн хүлээлгийн хугацааг хоёр дахин бууруулсан.
Kolon Sport брэнд: Golden Sport байгууллага Playtime Festival-тай хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жил тогтвортой хөгжлийн чиглэлээр тусгай аян зохион байгуулна. Үзэгчид хуучин, ашиглахаа больсон кашмер хувцсаа авчирч өгөх боломжтой. Энэ нь дахин боловсруулах болон хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилготой.
Сэтгэгдэл үлдээх