Ж.Баярмаа: ХХОАТ-ыг бүхэлд нь 1 хувь болгох саналыг ажлын хэсэг дэмжсэнгүй

Ц.Чимэдцэеэ
2026-06-10

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг бууруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслийг нэгтгэх, боловсронгуй болгох ажлын хэсэгт хууль санаачлагч оролцдоггүйг онцолж, төсөл өргөн баригдсаны дараах өөрчлөлтийг ажлын хэсэг шийдвэрлэдэг гэв.

Харин өчигдөр хуралдсан ажлын хэсэг түүний өргөн мэдүүлсэн ХХОАТ-ыг бүх шатлалд 1 хувь болгох төслийг Засгийн газрын өргөн барьсан төсөлтэй нэгтгэн хэлэлцэх үеэр уг саналыг дэмжээгүй байна.

Оронд нь сарын 2 сая төгрөг хүртэл орлогыг 1 хувийн татвартай байхаар зохицуулах хувилбарыг санал болгожээ.

Энэхүү зохицуулалтад цалин хөлс авдаг иргэдийн 53 орчим хувь буюу 544 мянга гаруй хүн хамрагдах бөгөөд ажлын хэсгийн саналыг хүлээн авахаас өөр сонголт байгаагүй гэжээ.

Мөн хуулийн төсөлд нэгэн чухал өөрчлөлт орсон нь одоогийн мөрдөж буй журмаар иргэдийн цалингаас суутган авсан татварын тодорхой хэсгийг дараа нь буцаан олгодог тогтолцоог халж, сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогыг анхнаасаа татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгасан байна.

Хэрэв уг өөрчлөлтүүд батлагдвал:

  • 0-792 мянган төгрөгийн орлогод 0 хувийн татвар ногдуулна.
  • 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулна.

Ж.Баярмаа энэхүү зохицуулалтын үр дүнд 2 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн гар дээр сар бүр ойролцоогоор 188 мянган төгрөгөөр илүү мөнгө үлдэнэ гэж тооцоолжээ.

Тухайлбал:

  • Сарын 2 сая төгрөгийн цалинтай иргэн одоогийн нөхцөлд 200 мянган төгрөгийн татвар төлдөг бол шинэ зохицуулалтаар 12 мянган төгрөг төлөхөөр байна.
  • Сарын 5 сая төгрөгийн цалинтай иргэн 500 мянган төгрөгийн оронд 312 мянган төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Төсвийн байнгын хороо, улмаар баасан гарагт нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд гишүүд татвар төлөгчдийн эрх ашгийг харгалзан дэмжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Энэ нь бүрэн ялалт биш ч татварын ачааллыг бууруулах бодлогын эхний бодит алхам, тодорхой ахиц болно. Бид бүх дунд орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 1 хувь болгох зорилгоосоо ухрахгүй” хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe