Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүй

.Graph
2026-06-10

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй. Сэлбэ голын тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй боловч сүүлийн сар гаруй хугацаанд ажил гацсан. 

Ажил гүйцэтгэгч “Силла” группийн захирал О.Мөнхбаатар “Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын тохижилтын ажил 70 гаруй хувьтай байна. Далангийн зүлэгжүүлэлт, хоёр талын явган зам, хананы өнгөлгөө, хоёр талаар гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих пандусыг хийж байгаа.Сүүлийн нэг сар санхүүжилтийн асуудлаас болж ажил зогссон. Хуваарийн дагуу энэ сарын 30-нд ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч нэг сарыг алдсан гэж мэдээллээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Сэлбэ голын тохижилтын ажил удаашралтай, хариуцлагагүй байна” гэх гомдол иргэдээс  ирсээр байна. Ажил гүйцэтгэгч “Силла” группээс санхүүжилт нэг сар гацаж, ажил зогссон талаар тайлбар хэллээ. Санхүүжилтийг өнөө, маргаашгүй шийдэж, ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж яаравчлан дуусга. Чанаргүй ажлын гүйцэтгэлийг хот хүлээж авахгүй гэж мэдэгджээ.

Төслийн хүрээнд Натур орчимд 1.4 км урт, 4.1-6.9 метр өндөр, төмөр бетон хийцтэй хамгаалалтын түшиц хана барьж, үерээс хамгаалах зориулалттай чулуун бэхэлгээг хийсэн. Үргэлжлүүлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан дагуу 1.4 км үргэлжлэх гадна болон дотор талд тохижилтын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргийн дагуу хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний зам болон бусад тохижилтыг хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, далангийн хажуугаар шороон дүүргэлт болон түшиц хана, гэрэлтүүлгийн кабель шугам гэрэлтүүлгийн шон, байгалийн чулуун хавтангаар явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан пандус, төмөр бетон хийцлэлтэй металл шат, хуучин явган хүний гүүрийн засвар, хайс, хашлага байршуулах, зүлэгжүүлэлт, баруун түшиц хананы баруун талд геотор дэвсэж, хар шороогоор дүүргэх, түшиц хананы өнгөлгөө, тэгшилгээ, ус чийгнээс хамгаалах уретон будгаар будах ажлыг тус тус гүйцэтгэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe