Т.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн институци урьд өмнө гарч байсан алдааг дахин давтахгүй байх гэж итгэж байна

Ц.Чимэдцэеэ
2026-06-11

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилохтой холбоотой олон нийтийн эргэлзээг дараах байдлаар тайлж, хуульч, судлаачийнхаа хувьд байр сууриа илэрхийллээ.


Улсын дээд шүүхийн шинэ Ерөнхий шүүгчийг томилох гэж байгаа энэ хариуцлагатай цаг мөчид зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч Ц.Цогтыг томилох болов уу, яах бол?" гэх агуулгатай нийтлэлүүд гарсан байх тул Үндсэн хуульт байгуулал, эрх зүйт төрийн зарчмын төлөө хуульт ёс, шударга ёс, хараат бус байдлыг хангаж, хамгаалж ажиллах үүрэг хүлээсэн хуульчийнхаа хувьд мэргэжлийн байр сууриа хуваалцах "ёс суртахууны үүрэгтэй" тул хэдэн зүйл бичье.

1. Аливаа улс орны Үндсэн хуулиар бэхжүүлсэн хууль болон эрх зүйд захирагдах ёс, иргэний үндсэн эрх, эрх чөлөө хэлбэрэлтгүй хэрэгжих, бодит амьдрал дээр ямар нэг "гацаагүй" ажиллах үндэс суурь, гол амин сүнс нь "шүүх эрх мэдэл", түүний бие даасан, хараат бус байдалд оршдог.

Тиймээс ч аливаа шүүхийн Ерөнхий шүүгчийн, тэр дундаа тухайн улсын шүүх эрх мэдлийг бүхэлд нь төлөөлөх үүрэгтэй Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч ямар мэдлэг, ур чадвартай байх вэ, ямар манлайлалтай байх вэ, ямар ёс зүйтэй байх вэ? гэх асуултууд бол хамгийн чухал асуудал байдаг.

Энэ талаар олон тооны мэргэжлийн ном зохиол, өгүүлэл нийтлэлүүд байдгийн дотроос 2016.11.10-ны өдөр Францын Страсбург хотноо баталсан Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн "Ерөнхий шүүгчийн албаны чиг үүргийн Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн 19 дүгээр зөвлөмж"-ийг тухайлан дурдаж болно.

Зөвлөмжөөс үзвэл: "... Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох, томилох үйл явц, түүнд тавигдах шалгуур үзүүлэлтүүд нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх үндсэн зарчмыг хангахад чиглэгдсэн байх бөгөөд энэхүү үйл явцыг хуулиар тодорхойлж merit зарчимд үндэслэх нь зүйтэй. Мөн улс төрийн ямар нэг нөлөөллөөс ангид байхыг албан ёсны дүрэм журмаар зохицуулна" гэжээ.

Өөрөөр хэлбэл, зарчмын хувьд Улсын дээд шүүхийн шүүгч нар дотроосоо Ерөнхий шүүгчээр ажиллах шалгуур шаардлагыг хангасан гэж үзээд сонгосон хүнийг ямар нэг улс төрийн нөлөөгүйгээр, улс төрийн шалгуургүйгээр томилж ажиллуулах нь эрх зүйт төр оршин тогтнохын үндэс болохыг тодорхой хэлж байна.

2. Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн дээрх 19 дүгээр зөвлөмжид дурдсан зарчим манай улсын Үндсэн хууль төдийгүй Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт маш тодорхой зохицуулагдсан.

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн шүүгч нар дотроосоо Ерөнхий шүүгчээр ажиллах шалгуур шаардлагыг хангасан гэж үзээд сонгосон хүнийг Ерөнхийлөгч шууд томилох талаар императив /сонгох боломжгүйгээр шууд хэрэгжүүлэх/ хэм хэмжээ үйлчилдэг болно.

Урьд өмнө манай улсын түүхэнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр нэр дэвшсэн шүүгчийг Ерөнхийлөгч буцаасан кэйс цөөн хэд гарч байсан боловч тэр бол үндсэндээ Үндсэн хуульт байгуулал, эрх зүйт төр, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмуудад үл нийцэх үйл ажиллагаа байсныг ямар нэг салаа утгагүйгээр хуульч бид хэлж, анхааруулж байх үүрэгтэй юм.

Тиймээс энэ удаад Ерөнхийлөгчийн институци урьд өмнө гарч байсан алдааг дахин давтахгүй байх гэж итгэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа мэдээлэл худал байлгүй дээ гэж найдаж байна. Нийгэм, цаг үе, эрх зүйн ухамсар урьд өмнөхөөс өөр болсныг эрх биш анхаарах байх гэж итгэж байна. Ингэснээр цаашдаа хууль засагладаг /манайхны ярьдагчлан/, зарчим хэрэгжих эрүүл механизм ажиллах боломж бүрдэх юм.

Тодруулбал, энэ хэн нэг хүний тухай асуудал биш, энэ бол зарчмын асуудал билээ.

Сэтгэгдэл үлдээх

Ерөнхийлөгч хуулиа даган биелүүлэх байх өө. Ард түмэн УИХ-ын гишүүдээс илүү Ерөнхийлөгчид итгэдэг, итгэл алдахгүй ганц төрийн хүн шүү дээ. Бас хуулиа ч сайн мэднэ.

иргэн

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe