АН: Эрх баригч намыг авлигатай бодитоор тэмцэж чадахгүй байна

.Graph
2026-06-11

Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлаар таван татварыг 5 хувь болгох иж бүрэн бодлогын баримт бичгийг урьдчилсан байдлаар танилцууллаа.

    Энэ талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:  "Ардчилсан нам сөрөг хүчний хувьд Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа өнгөрсөн даваа гарагт илэрхийлсэн. Үүнийг нотлох хэд хэдэн үндэслэл байна. Эдийн засгийн буруу бодлогогын улмаас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Тиймээс Ардчилсан нам болон намын дэргэдэх бодлого, судалгааны байгууллагаас татварын иж бүрэн шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулан урьдчилсан байдлаар танилцуулахад бэлэн боллоо. 

Ардчилсан намаас “5/5” буюу таван татварыг 5% болгох иж бүрэн бодлогын баримт бичгийг урьдчилсан байдлаар ийнхүү танилцуулж байна. Үүнд

  • Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь болгох,
  • Гаалийн татварыг 5 хувь болгох,
  • Хүн амын орлогын албан татвар дотроо цалингийн орлогын дээд хэмжээг 5 хувиас хэтрүүлэхгүй байх,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болгох, түүнтэй холбоотой ногдол ашгаа авч шинээр хөрөнгө оруулах зэрэг татваруудыг 5 хувь болгох ёстой.

Ардчилсан намын 5/5 бодлогын баримт бичгийг хуулийн төслүүдийн түвшинд бэлдэж эхэлнэ. МАН-ын хувьд татварын бодлогыг төсвийн орлого бүрдүүлэх, сонгуулийн халамжийг санхүүжүүлэх хэрэгсэл гэж үздэг бол Ардчилсан нам татварын бодлогыг хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үндсэн хөшүүрэг гэж үздэг" хэмээн ярилаа.

Дараа нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Эрх баригч намыг авлигатай бодитоор тэмцэж чадахгүй байна. Ядуурал улам бүр газар авч байна гэж иргэд өнөөдөр шүүмжилж байна. Эрх баригчдын сүүлийн 10 жилийн дангаар ноёрхсон бодлогод хазаар ногт болооч гэдгийг ард түмэн бидэнд захиж  байна. Зөвхөн сүүлийн таван жилийн үнийн өсөлтийг харахад л иргэдийн амьдрал ямар хүнд байдалд орсныг харж болно.

Төмсний үнэ 223 хувь, үхрийн махны үнэ 132 гаруй хувь, талхны үнэ 128 хувь, хонины махны үнэ 119 хувиар тус тус өссөн байна. 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан бол одоо 980 гр мах авч байна. Гэтэл Засгийн газар ард түмнийхээ амьдралыг мэдрэхгүйгээр популист амлалтууд ярьсаар л байна. 

 Иргэдэд гоё уриа бус, амьдралыг нь сайжруулах бодит үр дүнтэй бодлого хэрэгтэй. Тиймээс МАН эдийн засгаа эрүүлжүүлж, авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Хоосон уриа ярьж, элдэв татвараас чөлөөлнө гэж ярьдаг ч дарга нарынхаа үрэлгэн зардал, тансаг хэрэглээ, төсвийн мөнгөөр санхүүждэг давуу эрхүүдийг цэгцлэх хэрэгтэй" хэмээн мэдэгдлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe