Гуравдугаар сарын 22 ны өдөр Григорийн тооллын жилийн 81 дахь (өндөр жил бол 82 дэх) өдөр юм. Мөн он дуустал 284 өдөр үлдээд байна.
Ж.Гүррагчаа дэлхийг 124 удаа тойрсон өдөр
- Ж.Гүррагчаа 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн механикч мэргэжилтэй болжээ.
- 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлжээ.
- 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг өдөр
- Өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр, шөнө тэнцэнэ.
- Өдөр, шөнө тэнцэх өдөр нар эгц зүүн зүгээс мандаж, эгц баруун зүгт жаргадаг. Хоёр туйлыг эс тооцвол дэлхий даяар өдөр, шөнө тэнцдэг.
- Энэ өдрөөс эхлэн бөмбөрцгийн өмнөд хагаст одон орны хуанлийн намар ирдэг бол хойд хагаст одон орны хуанлийн хавар ирж, зуны туйлын өдөр хүртэл үргэлжилдэг байна.
Дэлхийн 300 сая хүний баяр
- Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэдэг.
- Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байв. 1990 оны Ардчиллын уур амьсгалаар үндэсний үзэл, ёс заншил сэргэснээр өргөн дэлгэр тэмдэглэх болж, төр засгийн зүгээс анхаарал хандуулан өндөр ач холбогдол өгөх болжээ.
- Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр болгон тэмдэглэдэг.
Дэлхийн усны өдөр
- Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах юм.
- Өнөөдөр дэлхийн ажлын байрны тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг.
- Монгол Улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлж байна.
Сэтгэгдэл үлдээх