1.2 секундын шийдвэр Никсийг аваргын цом руу шидлээ

Ц.Чимэдцэеэ
2026-06-12

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо(NBA)-ны 2026 оны шийдвэрлэх цувралын 4 дэх тоглолтод Нью Йорк Никс (New York Knicks) баг Сан Антонио Спүрс (San Antonio Spurs)-ийн эсрэг 107:106 харьцаатайгаар түүхэн ялалт байгууллаа.

Улмаар "Никс" цувралыг 3-1 харьцаатайгаар тэргүүлж, 1973 оноос хойш буюу 53 жилийн дараах анхны аваргын цомоо авахад ердөө ганцхан хожил дутуу үлдлээ.

Тоглолтын эхний хагас "Спүрс" багийн бүрэн давамгайлал дор өрнөж, алсын зайн шидэлтүүдийг ар араас нь оруулан тоглолтын хагаст л 76:49 буюу 29 онооны зөрүүгээр тэргүүлж байв.

Мэдисон Скуар Гарден (Madison Square Garden) ордонд цугларсан Нью-Йоркийн хөгжөөн дэмжигчид, тэр дундаа Тейлор Свифт, Адам Сэндлер тэргүүтэй одод суудлаасаа хөшиж орхисон юм.

Гэвч тоглолтын хоёрдугаар хагаст Никс огт өөр эрч хүчтэйгээр талбайд гарч, онооны зөрүүг алхам алхмаар ойртуулсаар байлаа.

Никс багийн ахлагч Жэйлэн Брансон багаа удирдан 36 оноо, 7 оновчтой дамжуулалт өгч, түүхэнд тэмдэглэхүйцээр манлайллаа. Тоглолт дуусахад 1 минут 22 секунд дутуу байхад багтаа анхны тэргүүллийг авчирсан юм.

Тоглолтын төгсгөл туйлын ширүүн болж, Спүрс тоглолт дуусахад 30 секунд дутуу байхад дахин тэргүүлж эхэлсэн (106:105). Харин үндсэн цаг дуусахад ердөө 1.2 секунд дутуу байхад Брансоны 3 онооны шидэлт цагирагнаас ойход, нийт 33 оноо авсан ОЖ Ануноби дэвхрэн гарч, бөмбөгийг цагирагт довтолгооноос нөхөж оруулснаар Никст түүхэн ялалтыг авчирлаа.

Цувралын шийдвэрлэх магадлалтай 5 дахь тоглолт  АНУ-ын цагаар бямба гарагийн үдэш Сан Антонио багийн талбайд болох бөгөөд "Никс" хожвол энэ цувралын аварга болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe