УИХ-ын гишүүн П.Батчимэгийн санаачилсан скүүтер, сурроны зохицуулалтын хууль батлагдлаа

.Graph
2026-06-12

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн П.Батчимэгийн санаачилсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Хуулийн төсөл нь сүүлийн жилүүдэд хэрэглээ нь эрчимтэй нэмэгдсэн ч эрх зүйн тодорхой зохицуулалтгүй байсан цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедын хэрэглээг журамлах зорилготой.

Шинэ хуулиар сурроныг мотоциклтой адил ангилж, 18 нас хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй иргэн жолоодохоор болсон байна. Харин скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам болон авто замын баруун эгнээгээр жолоодож хөдөлгөөнд оролцох эрхтэй байхаар зохицуулжээ.

Мөн скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар зорчихыг хориглосон бөгөөд скүүтер, мопедын жолооч заавал сургалтад хамрагдаж, холбогдох бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай болсон байна. Эзэмшигчид тээврийн хэрэгслээ бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Хуультай хамт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд явган хүний гарцаар скүүтер, мопед унан зам хөндлөн гарсан, явган хүний хөдөлгөөнд саад учруулсан, согтуурсан үедээ жолоодсон зэрэг зөрчилд мөнгөн торгууль ногдуулах зохицуулалт батлагдсан байна. Түүнчлэн 18 нас хүрээгүй хүүхдийг хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд эцэг эхийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор болжээ.

Нийтийн хэрэглээний скүүтер, мопедын үйлчилгээ эрхлэгч компаниуд зөвшөөрөгдсөн байршилд тээврийн хэрэгслээ байрлуулах, хэрэглэгчдийн нас болон сургалтад хамрагдсан эсэхийг хянах технологийн шийдэл нэвтрүүлэх, хариуцлагын даатгалд хамрагдах зэрэг үүрэг хүлээх юм. Зөрчил гаргасан тохиолдолд өндөр хэмжээний торгууль ногдуулах зохицуулалт мөн хуульд багтжээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэгийн онцолсноор уг хууль нь бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг хориглох бус, харин явган зорчигч, хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Хууль хэрэгжиж эхэлснээр Засгийн газар, холбогдох яамд болон нийслэлийн удирдлагууд хэрэгжилтийг хангах журам, зохицуулалтыг шинэчлэн батлах үүрэг хүлээж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe