Модон сэлэмтэй баатар

Б.Энхтулга
2026-06-12

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдоод 78 дахь өдөр нь өнөөдрөөр дуусаж байна. Их улс төрийн эргэлт дундаас эзэн аавынхаа нөмөр нөөлөг дор толгой улс төрд гарч ирсэн түүний юу хийж гийгүүлсэн бэ гэдгээ тайлагнах 100 хоног хаяанд иржээ. Тэгээд бодлоо л доо нээрээ мань Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд юу шийдэж, юуг урагшлуулав гэж. Гэтэл толгойнд орж ирээд нүдэнд харагдах зүйл байдаггүй. Харин сүржин царай агуулсан улс төрийн уярам үгс л чихэнд сонсогдоод болдоггүй. Хоёр сар хагасын хугацаа ажил амжуулахад бага хугацаа байж болох ч юм уу гэж бодох зуур нээрээ махны үнийг буулгачихсан билүү юу билээ гэж ой санамж ажиллав. Тэгсэн +30 болсон миний ой санамж буруу ажиллаад эхэлсэн гэдгээ дахин баталж махны үнэ нэг төгрөг ч буураагүй гэдгийг статистикийн газрын вэб сайт харуулах нь тэр. Б.Дэлгэрсайхан сайд бид хоёр ямар мах аваад явж байх завтай биш дээ. Хэн яг тас мэдэх вэ дээ. Өгсөж, уруудаж байгаа тэр үнийг. Ерөнхий сайд Н.Учрал маань л өнөө маргаашгүй Х.Нямбаатарыг огцруулчихвал махны үнэ буугаад мань хэд ч алаад өгнө гээд л байсан болохоор л итгэчихгүй юу. Би ч мах бараг үнэгүй болоо биз ухааны юм бодчихсон л явж байлаа шүү дээ. Амьдрал дээрх ардын зовлон болсон махны үнэ мань мэтдээ л зовлон байж. Харин нөгөө хэдэд бол Х.Нямбаатарыг төрийн альбумаас хайчлах улс төр байж. Хариуд нь Н.Учрал хүсээд байсан нийслэлээ ч авсан юм шиг байна.

Нэг хэрүүлчийг унагаж орхиод нэг цүнхчинг оронд нь тавьчихлаа гээд тархиных нь судсаар цус гүйдэг ганц нэг хүмүүс яриад байсан нь ч ийм учиртай байж. Нээрээ тэгсэн гэнэт нөгөө +30 ой санамжид чинь чөлөөлж бариад байсан биздээ гээд цохиод авах нь холгүй нэг гарчиг тас гээд л ороод ирлээ шүү. Бас тийм шүү. Нэр бүхий хэдэн үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо гээд л нөгөө нэг маадгар царайгаа гаргаад яриад байсан нь гарчгаа дагаад л буугаад ирлээ. Өө бас болоогүй ээ угаасаа дампуу, ашиггүй ажиллаж байсан 14 ТӨК-ийг татан буулгаж байгаа нэрээр хүмүүсийг нь тараан байршуулах талаараа ч ярьж байсан нь дабльдаад л ороод ирэв. Урамшсан би трипльдээд юу ороод ирэх бол гээд гайхаад сууж байтал модон сэлэм л буугаад байх юм. Юу болоод модон сэлэм болоод хольж хутгаад унав даа гэсэн шүү юм бодоод сууж байгаад энэ бичвэртээ “Модон сэлэмтэй баатар” гэх гарчгийг өгсөн гэдгээ гэнэт санав аа гэж...

МОДОН СЭЛЭМТЭЙ БААТАР...

Бидний амьдрал сайхан байгаад улс орон маань их аятайхан болоод ирсэн бол ер нь улс төрчид ялангуяа гал тогоо хариуцдаг Ерөнхий сайд маань нээрээ ч юугаа хийх вэ дээ тийм ээ. Хоёр сарын хугацаанд оргүй хоосон шүү мань хүн. Бас ч гэж зөвшөөрөл үгүй хийсэн байна, ТӨК-ийн хэдэн компанийг татан буулгана гээд хэлчихсэн байна, бизнесийн эрх чөлөөний хууль гээд хуулиа өргөн барьчихсан байна. Өөр ер нь юу хийх вэ дээ. Ард түмэн аз жаргалтай, амьдрал ахуй нь аятай сайхан байхад. Үгүй нээрээ Ерөнхий сайд маань ингээд бодоод явдаг юм биш биздээ ч гэж айх шиг. Би өмнүүр нь нэг яваад үзүүлдэг ч юм уу гэж бодох шиг. Эвий минь энэ 30 дөнгөж гарч байгаа залуу яасан ядруухан яваа юм гэж бодох болов уу. Тэгж харах юм бол тийм ээ энэ бол татварт хамгийн их дарлуулж, төрийн халамжаас холуур явдаг та нар огт тоодоггүй дундаж давхаргын чинь нэг төлөөлөл нь гэж хэлэх юм сан. Тэгээд бас халаасаа нэг эргүүлж харуулчхаад тэнийх нуруугүй болсноо үзүүлээд цааш алхах юм сан. Тэр хүн юм бодох болов уу, эсвэл энэ хүмүүс чинь тийм ядуу амьдраад, амьдрал ахуй нь хэцүүдээд байгаа юм уу гээд улс төрийн эцгээсээ очиж асуух болов уу.

Популист буюу поп улс төрчдийн бусдаас ялгарах хэд хэдэн ялгаа байдаг.

Хэзээ ч хэрэгжихээргүй хэт өөдрөг амлалтууд,

Баячууд болон ард түмний эсэргүүцэж байгаа дүрийг овжин ашиглаж сөрж зогсдог,

Өөрийн нэр хүндийг өсгөх шинжтэй мэдэгдэл түлхүү хийдэг,

Тухайн үеийн уур амьсгалд тааруулан шийдвэр гаргадаг гэх мэт. Өнөөдрийг болтол улс орныг удирдаж ирсэн МАН-ын үндсэн шинжид дээр дурдсан дөрөв нэг нь ч хасагдахгүйгээр багтах нь тодорхой байх. Н.Учрал яг л тэр үзэл санааны бүтээл. Түүний үргэлжлэл бас дараагийн үеийнх нь эхлэл. Түүний ирээдүй цаг дээрх худал амлалт, ажил хэргүүд бол яг л модон сэлэм мэт. Учир нь тэр өөрийн толгойгоор улс төрд шийдвэр гаргаж чадахгүй шиг түүний модон сэлэм их чамин харагдаж болох ч юуг ч гэмтээж чадахгүй. Өнөө цаг үеийн хамгийн шилдэг улс төрч мэтээр өөрийгөө мэдэрч байгаа нь баатар мэт эндүүрч байгаатай ижил. Гэхдээ тэр жинхэнэ баатар биш. Угаас жинхэнэ сэлэм барихгүйгээр хэзээ ч жинхэнэ баатар болохгүй. Өнөөдрийг хасаад ердөө 22 хоногийн дараа 100 хоног чинь таныг угтан авч бүхий л хэвлэл мэдээлэл таны юу хийсэн бэ гэдгийг чинь гайхаж бичвэр, бичлэг нийтэлцгээх болно. Тэр үед модон сэлэмтэй ч бусдаас өөр гэдгээ харуулах уу, ганган чамин модон сэлмээ эргүүлээд баатар гэдэгтээ итгээд зогсох гэж байна уу. Өнөөдөртөө ард түмэн өлбөрч үхээгүй ч өлсөхөөрөө уурладаг олон түмэнтэй гэдгээ мартаж болохгүй л байх 34 дэх цэл залуухан Ерөнхий сайд минь. Юу хийснээ эргэж харж чадахгүй байгаа бол ядаж юу хийхээ тодорхой байлгах хэрэгтэй шүү.

 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe