"The Voice of Mongolia" шоуны III улирлын буюу 2022 оны ялагч Г.Даваадалайтай ярилцлаа. Анхны бие даасан “Cosmic Ocean” тоглолтоо энэ сарын 19-нд 20.00 цагаас “ZU Ballroom”-д товложээ. Уран бүтээлч маань хэсэг засварлага аваад, энэ тоглолтоороо эргэн ирж, “Миний урлагийн зам ёстой эргэж буцалтгүй, зогсохгүйгээр эхэлж байгаа” хэмээж байлаа.
-Таны урлагийн замналтай холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
Юуны түрүүнд хүүхэд нас, урлагтай ямар хамааралтай байсан талаараа ярья. Манай гэр бүл, ах дүү нарт ер нь урлагийн хүн бол байгаагүй. Бөх эмч, тиймэрхүү чиглэлийн хүмүүс их. Гэхдээ манай үеэл ах нар маань ерөнхийдөө дуу хууранд дуртай, хип хоп дуу муу их дуулдаг, Өмнөговьд бүр хамтлагтай байсан.
Дуугаа бэлдэж байхад нь би сонсоно, эгч нар бүжгийн тэмцээнд орох гээд бүжиглээд л, тиймэрхүү юмыг нь харж өссөн.
Тэгээд ганцаараа гэртээ байдаг байхдаа компьютер дээр дагалдаад ирчихсэн олон орны төрөл бүрийн жанрын дуунууд байдаг байсан, клиптэйгээ хамт. Ийм бичлэгийг их сонсдог байсан. Интернэтээс дуунууд татаад л Биллбоардад(Billboard) байгаа топ тэдэн дуу ЮКэй(UK) чартын тэдэн дуу муу гэж явсаар байгаад бүр 9 шидийн жанрын дуу хөгжим сонсох дуртай болсон байсан.
-Яг хэзээнээс энэ л миний хийх ажил юм байна гэсэн дотоод гэрэл асах мэдрэмжийг авсан бэ?
2019 онд Хятадад сурч байхад болсон. Дотуур байрны маань Араб найз “Чи чадна аа” гээд сургуулийн дууны тэмцээнд сумлаж оруулаад, тэгсэн чинь түрүүлж таараад.
Түрүүлсэн чинь манай сургуулийн бүх хятад, гадаад сурагч надтай зургаа даруулаад, маш их баярлалаа, үнэхээр гоё байлаа гэсэн. Тэгээд л “Хөөх, би дуу хоолойгоороо хүмүүст гоё мэдрэмж өгч болох юм байна шүү дээ” гэдэг яг тэр үеэс л эхэлсэн.
Ковидын үеэр Монголдоо ирээд, за би ер нь дуулж сурах ёстой байна аа гээд Войс(Voice) шоунд орсон.
Араас нь тодорхой хэмжээнд олны танил болчихсон байгаа шүү дээ. Шууд уран бүтээл хийгээд явах боломж байсан ч суралцах, дахиад өөрийгөө жоохон хөглөх ёстой юм байна аа гэж мэдэрсэн.
Өөрийнхөө мөн чанарыг барьж авч олох ёстой юм байна аа гэдэг мэдрэмж маш томоор төрөөд, сүүлийн хэдэн жил нам гүм байгаад, өөрийгөө нэлээн таньж мэдэх цаг хугацааг зарцуулсан.
Одоо яг энэ зунаас эхлээд өөрийнхөө цомог, тоглолт гээд яг миний дотроос гарч ирж байгаа тэр замналаараа явна.
- Войс (Voice) шоунд орсноор амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
Ер нь бүр хамгийн том нөлөөлсөн зүйл бол энэ шоу. Яалт ч үгүй зүгээр л урлагт хайртай, гэхдээ зам нь хаалттай байсан тэр хүнийг зүгээр л дэлгээд өгсөн байхгүй юу.
Тэгэхээр бол яалт ч үгүй хүмүүст таннигдаад, энэ хүн чинь ийм чадвартай, цаашдаа явах потенциал байгаа юм байна гэдгээ хүмүүст харуулсан.
Хүмүүс ч гэсэн тэрийг олж хараад, надад их урам зориг өгч байсан болохоор яалт ч үгүй энэ шоунд ороогүй байсан бол би урлагийн зам руу орохгүй байсан байх аа.
-Домогт Хурд хамтлагийн ахлагч Д.Отгонбаяртай ажиллахад ямар байсан бэ, одоо холбоотой байдаг уу?
Бүр багаасаа зурагтаар л харчихсан хүн байгаа шүү дээ. Тийм болохоор бодит амьдрал дээр ямар байх бол гэсэн ямар ч төсөөлөл байгаагүй ээ. Тэгсэн чинь яг л манай ах шиг, аав шиг тийм л хүн байсан. Манай багийнхан, мэддэг хүмүүс ч гэсэн тэгж ярьдаг юм байна лээ.
Маш дотно, гэр бүлийн гишүүн нь юм шиг мэдрэмжийг гүнзгий өгдөг юм байна лээ. Отгоо ахтайгаа одоо ч холбоотой байгаа.
-Хятадад та анх удаа олны өмнө дуулсан гэж байна. Тэр үеэ эргэн дурсаач?
Тэр дууны тэмцээн бол сургуулиудын дунд зохион байгуулдаг. Манай Войс энэ тэртэй харьцуулахад жижигхэн шүү дээ. Хамгийн анхны, ёстой юу ч мэдэхгүй зоргоороо “гусаж” байсан. Тэр нь үнэхээр инээдтэй байсан.
Би чинь бүр тайзан дээр, хүмүүсийн өмнөөс харж дуулахаасаа ичээд, гэрлээ унтраалгачихъя тэгэх үү гээд, харанхуй зааланд дүүрэн хүмүүс суучихсан дуулж байсан байхгүй юу.
Тэрийгээ бодоход хөөрхөн хэрнээ инээдтэй санагдаж байна.
Харин Войс шоунд сахилга баттай, яг л дүрэм журмын дагуу болохоор харьцуулахад шал өөр.
-Ийм төрөл жанраар дуулна гэсэн тогтсон сонголт бий юу?
-Би ер нь олоогүй шүү дээ(инээв).
Бусад уран бүтээлч, дуучид яадаг юм бол, энэ л юм байна гээд олдог юм болов уу, мэдэхгүй байна.
Би бол бүх жанраар дуулах дуртай. Жишээ нь хип хопоор үглэх нь классик эсвэл попоор дуулахаас шал өөр, бах таваа хангаж өгдөг байхгүй юу. Тэгэхээр “өө би хип хоп дуулахгүй” гэхээр гунигтай байгаа биз дээ.
Өөрийнхөө чадах хэмжээнд өнгө аясыг нь дуундаа шигтгэж эсвэл үглэдэг реп ихтэй дуунуудыг дагаж дуулахаар гоё хэрэгцээ хангагддаг
-Олны өмнө дуулахад ямар мэдрэмж төрдөг вэ, ихэвчлэн нүдээ аньсан харагддаг?
Дуулж байхдаа дуундаа орохгүй бол дуулж чаддаггүй. Дуундаа орохгүй дуулж болдог юм болов уу, болдог л байх тэ?
Ая эхлээд л нүдээ аниад, дуундаа уусаад алга болчихдог байхгүй юу. Хүмүүс миний дотроо мэдэрч байгааг мэдрээсэй гэж хүсдэг.
Яг ийм мэдрэмж гэж хэлэхэд төвөгтэй. Сэвэлзүүр салхи хүзүү илбэж байгаа ч юм шиг тийм мэдрэмж гэх юм уу.
Далайн давлагаа, горхины чимээ ч гэдэг юм уу тиймэрхүү мэдрэмжүүд. Тэгэхээр яалт ч үгүй нүдээ аниад дуундаа ороод дуулахгүй л бол нүдээ нээгээд дуулах надад хэцүү байдаг.
Эмээгийн маань хэлж байсан үг нь надад гүнзгий туссан л даа. “Миний хүү нүдээ гоё нээгээд, хүмүүс рүү хараад, гоё дуулалдаа, тэгэхгүй харж чаддаггүй хүн шиг нүдээ аньчих юм” гэдэг байсан.
Тэгэхээр би хүмүүст зориулж дуулаад байдаг, гэтэл ийм өнцгөөр харагдах боломж байгаа юм уу гэдгийг харангуутаа эмээгийн хэлсэн үг толгой дотор орж ирээд, чадахаараа хүн рүү ширтэх гээд үзээд байдаг болчихсон.
Одоо аль болох хүмүүстэй холбогдож байгаа хэрнээ нүдээ аньж байгаа мэдрэмжээ авч сурахаар хичээж байгаа.
Бас олон жилийн урлагийн амьдрал байгаа юм чинь суралцах байх аа л гэж найдаж байна даа.
-Таны имиж их сонирхолтой, сахал нь содон. Яаж энэ имижийг олсон бэ?
Ер нь намайг олчихсон доо. Үсээ ургуулж байсан чинь миний имижийн нэг хэсэг болчихсон.
Сахлаа байнга авахаар зүсэгдэж мүсэгдээд л, нэг тийм тухгүй, тэгээд сахал дөнгөж нэг арзайж байгаа мэдрэмж төвөгтэй байдаг байхгүй юу.
Квидын үеэр хотод карантинд байсан. Тэр үед ер нь миний сахал ургана уу, байна уу хэнд ч падлийгүй байсан болохоор ургуулсан. Надад дуулахыг зааж өгсөн багш маань яг минийх шиг сахалтай байхгүй юу.
Карантин дуусахад маскаа аваад л багшид “цррраан” гэнэт харуулъя гэж бодсон. Дөрвөн сар орчим болсон байх, тэгээд л бөөн инээдэм болж билээ. Би чинь ямар ч сахалгүй, мөлчийсөн нөхөр явж байгаад карантинаас гарч ирэхдээ ингэсэн чинь л нөгөө хэд бүүр юу вэ гээд л татаж унатлаа инээлцгээгээд. Надад ч гэсэн энэ маань сонирхолтой. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шиг оролдох юмтай болчихсон амар байдаг юм байна лээ.
-Дуулахаас өөр амьдралд тань тохиолдсон эргэлтийн цэг?
Зөндөө байгаа юм байна аа. Толгой дотор аягүй их юм орж ирж байна шүү дээ. Хятадад би ганцаараа бараг анх удаа он гаргаад байсан юм болов уу? Өмнө нь дандаа гэр бүлийнхэнтэйгээ, ах дүү нартайгаа, найзуудтайгаа он гаргадаг байсан.
Амралт таараад зарим Хятад оюутнууд явчихсан байсан. Яг 12 цаг болох гээд л найзуудын групп чат, гэр бүлийн юу муун дээр он солигдох гээд л бөөн юм болж байгаа байхгүй юу. Тэгээд би яг дотуур байрныхаа 9 давхарт ганцаархнаа балконыхоо тавцанг налчихсан. Гадаа нам гүм, хурдны замын замын дээгүүр л ганц 2 машин явж байгаа юм.
Яг утасныхаа цагийг харчихсан 00:00 цаг болоход “Хөөх ингэж бас он гаргаж болдог, ямар сонирхолтой юм бэ” гээд. Тэр үед надад нэг ийм хоосон хэрнээ дүүрэн ч юм шиг, сонирхолтой мэдрэмж төрж байсан. Сая яг ийм асуулт асуусан чинь тэр үеийн мэдрэмж тод орж ирлээ.
-Залуу хүний хувьд нийгмийн оролцоо өндөр, улс төрд идэвхтэй үзэл бодлоо илэрхийлж байгаа ажиглагддаг. Монгол Улсаа ямар болоосой гэж хүсдэг вэ?
Шууд Ерөнхий сайд болох эрх олдож байгаа юм шиг санагддаг байна шүү дээ. Яг энүүхэн богинохон хугацаанд(инээв).
Надад шударга бус зүйл ч юм уу эсвэл миний боддог итгэл үнэмшлээс минь зөрөөд байгаа зүйлс ямар ч салбарын юу ч байсан “Ингэж болдоггүй юм уу, яагаад ийм байдаг юм” гээд өөрөөсөө илэрхийлэмж гаргах гээд байдаг л юм байна лээ л дээ.
Миний Хятадад сураад ирсэн, ирээд ингэсэн, бас өөр орон орнуудаар явж үзсэн туршлагаасаа харахад бид зоригтой байх хэрэгтэй юм байна лээ.
Тэгэхгүй бол жоохон муухайгаар хэлэхэд “хулчгар”. Яг зөв үедээ маш зоригтой байх ёстой.
Бид нэгнийгээ гэсэн сэтгэлтэй байж байж улс орноо гэсэн сэтгэл үүсдэг юм байна лээ. Хүнийг гэсэн сэтгэл байхгүй хүнд хэзээ ч улс орноо томоор нь, эх дэлхийгээ томоор нь багтаах зай байхгүй. Бид л болж бүтэхгүй байгаа юмыг зоригтой дуугараад, засах зам руугаа нь оруулаад, ээлтэй юмнуудыг хийнэ. Адаглаад Туул гол дээгүүрээ хурдны зам барья л даа гэдэг юм орж ирэхгүй.
Ус зөөдөг усан оргилуур төвдөө барихгүй. Сая би Киргизийн Бишкек рүү оччихоод ирсэн. Хүмүүс Монголтой харьцуулахад Киргизийг ядуу улс гээд байсан. Очсон чинь юу вэ бүр иргэддээ үнэхээр ээлтэй. Иргэд нь тайван, аз жаргалтай, битүү мод. Бидэн шиг ямар ч зохион байгуулалтгүй, гоо зүйгүй, битүү чихсэн барилга байхгүй. Ой, мод. Усан оргилуур бүр төрөл бүрийн хэмжээ, загвараараа. Нэг буудал алхаад л усан оргилуур. Хүүхдүүд тоглоод л, хүмүүс хажууд нь суугаад л.
Тэгсэн бид цээжээ дэлдээд л байдаг байж яагаад хотынхоо төвд тийм юм бариулчихсанаа зүгээр хүлээн зөвшөөрөөд ямар ч хариуцлага байхгүй. Тэгснээ “Аан оргилоод эхэлчихжээ” гээд зүгээр мааз болгоод, жоохон хүүхэд шээж байгаа юм шиг юм үлдээгээд байхад бид үнэхээр хүлцэнгүй, шударга бус зүйлтэй тэмцдэггүй ажиглагдсан.
Баян тансаг гэхээсээ илүү эх орноо гэсэн, нэгнийгээ гэсэн сэтгэлтэй байх л юм бол бүх зүйл тийм өнгөтэй өөдтэй байх боломж байх юм байна лээ.
-Дуулахаас өөр хобби бий юу?
Сая хэсэг хугацаанд нам гүм байсан шүү дээ. Яг тэр үед нь нэг юм болоод байна шүү дээ тэ? Тэрийг анзаарах аймаар гоё байдаг.
Багаасаа тийм байсан болохоор хааяа аягүй их юм болж байснаа гэнэт зогсоод, энэ хорвоо ертөнц дээр нь яг юу болоод байна, юу, яагаад байна бодох үнэхээр гоё байдаг. Бас юм цуглуулах хоббитой. Бага байхад зөв аарцны ундааг өнгө өнгөөр нь цуглуулчихсан байхад “Наадхаа хая л даа, хөгшин эмгэн шиг юм цуглуулаад байх юм” гэж л байдаг. “Ийм гоё юм чинь хамтдаа ингээд өнгө мөнгө нь хослоод гоё харагдаж байгаа биз дээ, би яаж хаяж чадах юм бэ” гэдэг ч юм уу их новш цуглуулах гээд байдаг. Одоо манай гэрээр дүүрэн намайг тусдаа гарахаар өгч явуулна даа гээд баглачихсан баахан л юм бий.
Юм цуглуулах маш дуртай. Кино үзэх дуртай.
-Аялах дуртай гэж байсан. Хамгийн дурсамжтай аяллаасаа хуваалцаач?
-Учиргүй олон орноор аялаагүй л дээ. Ганцаараа аялах нь ёстой жинхэнэ эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг, нэг газар суугаад цаг суусан ч болно шүү дээ. “Хөөе явъя дараагийн ажил хэцүүдлээ тийшээ явъя” гэдэг ч юм уу “би тийшээ явмаар байна” гэдэг юм байхгүй, бүх юм миний хяналтад байгаа болохоор тэр нь гоё байдаг юм байна лээ.
Найзуудтайшаа хамт бол мэдрэмжээ хуваалцах гэдэг чинь гоё шүү дээ.Тэрийг хар даа, энэ ийм байна шүү дээ, тийм байгаа биз, гэхээр нээрээ тийм байна шүү дээ гээд л.
Миний хувьд хамгийн гоё байсан нь Осака руу ганцаараа үүргэвчтэй аялж байсан. Би тэнд аялж байгаа юм шиг санагдаагүй. Осака миний гэр юм шиг, санагдаж байсан. Хагас сар гэр буудалд төлбөрөө төлчихсөн. Хүссэнээрээ унтаад л, сэрээд л, “За өнөөдөр хаачих вэ, за нэг тийшээ явъя даа” гээд л ямар ч яарч сандарсан юм байхгүй. Тэр хотын нэг иргэн юм шиг мэдэрч байсан.
Жинхэнэ зоргоороо явсан байхгүй юу.
-Таны амьдралын бусдад түгээхийг хүсдэг үнэ цэн юу вэ?
Миний нүдээр хардаг хорвоо ч бас л сонирхолтой, нэг талаараа инээдтэй ч гэх юм уу. Нэг үгээр илэрхийлэх хэцүү юм байна аа. Маш олон зүйлс нийлж байж энэ болохоор.
Хуваалцах. Бид маш жижиг зүйл дээр ч гэсэн хуваалцахын асуудал гарч байгаа юм. Том зүйл дээр ч гэсэн хуваалцахын асуудал гарч байгаа юм. Маш том том дэлхийг хамарсан асуудал хүртэл бид нар хуваалцаж чадахгүйгээсээ болоод л үүсэж байгаа.
Нэгнийгээ хүндэтгэх, хайрлах, хүмүүнлэг байх, өөр юу байдаг юм, яг одоо миний толгойд орж ирэхгүй байгаа маш олон зүйл хуваалцах дотор багтаж байгаа юм шиг санагдаж байна.
Тэгэхээр би амьдралдаа өөрийнхөө чадахаар хуваалцаад л явахыг хүсдэг.
Тэр нь заавал материаллаг зүйл ч байх албгүй, гарт баригдахгүй сэтгэлийн хүч, тэнхээ, тус дэм болох зүйл байвал.
Тэглээ гээд бас хүн өөрөө өөрийгөө эхний ээлжид маш их хайрлаж, хүчирхэгжиж, байж бусдадаа хуваалцах, бусдыгаа тэтгэх юм байна.
Өөрийгөө алдаад, хүч нь сулраад хорвоо ертөнцийн муу муухайд идүүлээд эхлэхээр замхрах юм билээ. Тэгэхээр өөрөө бүх талаараа маш хүчирхэг байж, өөрийгөө нэг номерт хайрлаж байж, хүмүүс ч гэсэн өөрийгөө маш их хайрлаж энэрч байгаасай гэж хүсдэг. Би ч гэсэн яг тэр тал дээрээ суралцаад л явж байгаа. Тэгэхээр тэгээд болно доо.
-Цаашдын зорилго?
Ойрын хугацааны жижигхэн зорилго ч байна, маш том, магадгүй би энэ амьдралдаа хүрч амжих уу, чадах уу, үгүй юу нь тодорхойгүй ч гэсэн тийм холын зорилго ч гэсэн байгаа.
Тэгээд би яг би тэгэхийг, ингэхийг хүсэж байгаа гэж хэлээд дэмий байх аа. Угаасаа бүтээд бүтээд явж байхад би хэлэх шаардлагагүйгээр хүмүүс мэдрээд, хараад явахыг хүсэж байгаа.
Одоо жишээ нь энэ 6 сарын 19-нд болж байгаа тоглолт маань, ирэх хүмүүс, анхны цомог. Анхны цомогт маань багтсан дуунуудын маань дээжээс сонсох, хамтдаа өлгийдөн авах тоглолт маань болох юм.
Бас монгол ардын энэ дуунуудыг найруулчихсан, хүмүүс тэндээс бас гоё мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байгаа.
Энэ тоглолтоор яг миний урлагийн зам маань ёстой эргэж буцалтгүй, зогсохгүйгээр эхэлж байгаа.
Хамгийн анхны нандин тоглолтын маань нэгээхэн өнгө болох олон гоё зочин уран бүтээлч нар бас ирж байгаа. Дундуур нь бас “саунд мэдитэйшний” хэсэг оруулах юм. Яг тэр хэсэг ороод араас нь дуулна гэж бодсон дуу гэх мэт өндгөн шоколад задалж байгаа юм шиг л.
Хүмүүс одоохондоо яг ямар хүлээлт тавих нь тодорхойгүй байгаа байх. Гэхдээ ороод “хөөх ийм гоё ийм гоё шинэ зүйлс төрж байгаа юм уу, ийм юм болж байгаа юм уу” гэдэг мэдрэмжээр дүүрэн хөглөгдөөд л гарах тоглолт байгаа.
-Таны үзэгчид ямар бэлтгэлтэй ирээрэй гэж захих вэ?
-Баярлалаа. Би хэзээ ч наадхыг чинь бодоогүй юм байна. Хамгийн тухтайгаараа ирээсэй гэж хүсэж байна. Гангармаар байвал гангараад, хамгийн гол нь маш тухтайгаараа байгаад, тайван, мэдрэмж авахаар л ирээсэй гэж хүсэж байгаа. Тоглолтынхоо талаар нэмж хэлэхэд, 6 сарын 19-нд 20.00 цагаас ”Zu ballroom”-д болох юм. ЭМЯ-ны замын баруун талд, “Blue sky”-ийн урд, Шангрила явах замд байдаг, нэг давхарт байгаа. Орчин нь үнэхээр гоё. Би бүр яг ямар ч үнээр хамаагүй би энэ орчинд л анхны тоглолтоо хиймээр байна гэж зүтгэсээр байгаад ямар ч байсан одоо хийж байгаа юм.
Тоглолт дууссаны дараа “After party” болно. Тэр маань 120-ийн Тэмээтэй хөшөөний зүүн талд Темпл гээд ресторанд болно. Бас л дотоод тэр интерьер дизайн, консепт зэрэг нь үнэхээр үзэсгэлэнтэй. Тэнд би өөрөө хамтлагтайгаа дуулна. Бас гоё гоё уран бүтээлч нар ирнэ.
-Ярилцсан баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх