Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-тай 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд Иж бүрэн стратегийн түвшинд эрчимтэй урагшилж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа гэдэгт санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-тай найрсаг хөршийн өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад хамтын хүчин чармайлт гаргах нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Талууд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох болон өөрсдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ дахин нотлов.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, газрын тосны олборлолт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэв.

Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ Монгол Улстай харилцахдаа “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлогыг баримталж, сайн хөршийн найрсаг харилцааг тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын дипломат харилцаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох чухал үүрэгтэйг онцолж, төрийн тэргүүн нарын хүрсэн нэгдсэн ойлголцол, тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа тэмдэглэв.
Тэрээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн буйг илэрхийлэв. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын тохирсон талуудын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт удахгүй биелнэ гэдэг итгэлтэй байгаа бөгөөд цаашид худалдааны хэмжээг нэмэгдүүлэх илүү том зорилт тавин ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл үлдээх