"Оюу толгой" компани ТОП-100 аж ахуй нэгжийн нэгээр дахин нэрлэгдэж, 4 дэх жилдээ тэргүүллээ

.Graph
2026-06-15

Сүүлийн үед Оюу толгойтой холбоотой сэдвүүд анхаарлын төвд байна. Монгол Улсад ямар үр өгөөжтэй вэ гэдэг дээр хүмүүс олон өнцгөөс хэлэлцэж, асууж байна. Энэ нь ч зүйн хэрэг. Оюу толгой бол манай улсын стратегийн ач холбогдолтой уурхайн үйлдвэр учраас олон нийтийн анхаарал, асуулт, санал бодол дагуулж буй нь ойлгомжтой.

Монгол Улс 1.6 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Харин Оюу толгойн лицензийн талбай ойролцоогоор 100 хавтгай дөрвөлжин км. Өөрөөр хэлбэл, манай улсын газар нутгийн 16,000-ны нэгтэй тэнцэнэ. Гэхдээ энэ л жижигхэн цэгээс өнөөдөр Монгол Улсын татварын орлогын 9 орчим хувь бүрдэж, улс орны өнцөг булан бүрд хүрч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Энэ л талбайд бид дэлхийд тэргүүлэх стандартуудыг хэрэгжүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг аль болох бага байлгахыг зорьж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байгаа билээ.

Өнөөдөр ТОП-100 аж ахуй нэгжийн нэгээр дахин нэрлэгдэж, 4 дэх жилдээ тэргүүлж байгаа нь бидний хамтдаа бүтээж буй үнэ цэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитоор хүрч буйн нэг илэрхийлэл болов уу.

Санал зөрөх, хэлэлцэж шийдэх асуудлууд бий. Гагцхүү бидний өдөр бүр хамтдаа бүтээж буй үнэ цэнийг умарталгүй, бодитоор харж, үнэлэх нь чухал.

Говийн эрс тэс уур амьсгалд, халуунд халж, хүйтэнд хөрж, өдөр бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж буй олон мянган Оюу толгойчууд бий. Энэ бүтээн байгуулалт тэдний хөдөлмөр, ур чадвар, хичээл зүтгэл дээр тогтож байгаа. Би хамт олондоо, тэднийхээ бүтээж байгаа ажилд итгэдэг, бахархдаг.

Хамт олон, хамтрагч байгууллагууд болоод Оюу толгойтой ажил, амьдралын замналаа холбосон та бүхэндээ хандаж хэлэхэд, ийм үед тайван байж, бие биенээ сонсож, харилцан хүндэтгэлтэй байх нь чухал болов уу. Бидний хамтдаа өдөр бүр бүтээж буй үнэ цэн цаг хугацааны шалгуурыг давж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe