Энхбаярын СОДНОМПИЛЖЭЭ гэж хэн бэ

Ч.Соёлжингоо
2024-03-22 470

Цэргийн хүний тэсвэр хатуужил, сахилга батаар Гиннесийн амжилтыг эвдсэн Э.Содномпилжээ гэж хэн бэ

Энэ бол Энхбаярын Содномпилжээ. Дэлхийн пара пауэрлифтингийн Гиннесийн амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар. Монголын ард түмэн түүнийг дэлхийд нэрээ дуурсгаж, Гиннесийн номд бичигдсэн тамирчин гэдгийг нь сайн мэднэ. Харин цэргийн гэр бүлд төрж, цэрэг хүнд байдаг тэсвэр хатуужил, сахилга батыг сурч өссөн нь амжилтад хүргэсэн гэдгийг төдийлөн мэдэхгүй болов уу.

Э.Содномпилжээ нь 1985 онд Эрдэнэт хотод эгэл жирийн цэргийн гэр бүлд төрж, цэргийн амьдралд их ойр өсчээ. Содномпилжээгийн аав цэргийн хүн байсан. Тэрээр нийгэм солигдох үед ажлаа өгч энгийн амьдралаар амьдарсан бол түүний ээж одоо ахлах ахлагч цолтой, гавьяаны амралтдаа гарсан нэгэн билээ. Э.Содномпилжээ 14 насандаа их спортод хөл тавьж байлаа. Тухайн үед 47-хон кг жинтэй туранхай хүү хүндийн өргөлтөөр хичээллэнэ, таны шавь болъё хэмээн “Алдар” спорт хорооны чийрэгжүүлэлтийн төвд ажиллаж байсан Ш.Энхсайхан дээр ээжтэйгээ хамт ирсэн гэдэг.

Ийнхүү Э.Содномпилжээ пара пауэрлифтингээр хичээллэж, 2001 онд хэвтээ шахалтаар 2001 оны УАШТ-ий 52 кг-ын жинд түрүүлсэн нь анхны том амжилт байв. Улмаар түүний жин ч бага багаар нэмэгдэж, бие нь ч хөгжиж, пауэрлифтингийн холбоо ч багш, шавь хоёрыг дэмжжээ. Хувь хүнийхээ хувьд сахилга баттай, бэлтгэлээсээ нэг  ч удаа хоцорч, тасалж байгаагүй түүний зүтгэл Э.Содномпилжээг 64 кг-аас дээшээ бүх жинд аварга болголоо. Э.Содномпилжээ “Хэзээ ч эвдэхээргүй рекордыг Монгол хүн тогтоох боломжтой. Би үүний төлөө зүтгэнэ” хэмээн ярилцлага өгч байв. Тууштай хичээл зүтгэлийнхээ үр дүнд энэхүү амлалтаа биелүүлж, 2023 онд Гиннесийн номд бичигдсэн.

Тэрээр Цэргийн баярын талаар ярихдаа “Цэргийн баяр бол эр хүний бахархлын баяр. Эх орон дуудсан цагт, эх орноо хамгаалахад хэзээд бэлэн эрчүүд бий шүү гэдгийг сануулах эр хүний баярын өдөр” хэмээн хэлж байжээ. Өдгөө ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороонд ажиллаж буй түүний амжилтын буухиа одоо ч үргэлжилсээр байна.

Тамирчин хүний ноён нуруутай, хүчтэй, зоригтой түүнийг Graph.mn сайт #BioGraph буландаа онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe