УИХ-ын гишүүдийн санаачилгаар “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Сонсголоос заавал мэдэж авах ёстой 10 зүйл
Сонсгол тойрсон улс төр
Улс төрийн хүрээнд АН-ын хагарлыг ил явдаг, МАН-ын хагарлыг далд явдаг гэж ярьдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд МАН-ын хагарал ил явдаг болж, У.Хүрэлсүх талынхан, Л.Оюун-Эрдэнийн талынхан гэсэн хоёр фракц болсон. Одоогийн байдлаар У.Хүрэлсүх талынхан ялалтаа бүрэн авсан ч Засгийн газрын, тэр тусмаа Н.Учралын суудал тийм ч бат бэх биш байгаа. Хамгийн гол нь, Л.Оюун-Эрдэнийн хөл гар, дэмжлэгийг таслахын тулд Х.Нямбаатар гэх хүнийг улс төрөөс арчих нь хамгийн чухал. Тиймдээ ч энэ сонсголын зорилго бол Х.Нямбаатарыг ямар муу хүн байсан бэ гэдгийг харуулах гээд хэлчхэд буруудахгүй. Сонсголыг захиалсан гэх хүмүүсийн цаад зорилго ийм байсан. Гэвч энэ сонсгол Х.Нямбаатарын мууг харуулаад зогсохгүй, НИТХ гээд нутгийн өөрөө удирдах байгууллагын шившгийг, МАН өөрийнхөө муу муухайг дэлгэчихлээ. Тиймээс энэ сонсгол ард түмнээс өөр дэмжлэггүй болчихлоо.
Үүнийг хэд хэдэн жишээнээс харж болно.
Сонсгол даргалагч Ж.Золжаргал УИХ-ын гишүүн болсон цагаасаа Х.Нямбаатартай “Beef”-тэй байсан. Хэн хэнийгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулахдаа тулж явсан тэд нэгнийгээ үздэггүй. Муухайгаар хэлэхэд, У.Хүрэлсүхийн фракцаас Х.Нямбаатарыг Ж.Золжаргалд хаяж өгсөн. Ж.Золжаргал гишүүний хувьд ХҮН намаас гарсан бөгөөд одоо аль нэг намд хамаардаггүй. Сонсголын ажлын хэсгийн ахлагчаар Д.Энхтүвшин сонгогдсон. Тэрээр Х.Нямбаатарыг орлогч Т.Даваадалайг камерын өмнө хүзүүдэж байсан удаатай. Мөн сөрөг хүчнээс Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу нар байна. Тэднийг харвал, ихэнх тохиолдолд зөвийн талд дуугардаг, ард түмэнд тодорхой хэмжээнд үнэлэгдсэн гишүүд байгаа юм.
Нөгөө талд Н.Батнайрамдал, П.Сайнзориг зэрэг Л.Оюун-Эрдэнийн фракцын гишүүд байна. Тэд аль болох энэ сонсголыг буруушаах гэсэн өнгө аястай сонсголд оролцож байгаа юм.
Харин У.Хүрэлсүхийн фракцын талаас гишүүд байхгүй, Л.Оюун-Эрдэнийн фракцаас хүчтэй дэмжигсэд байхгүй байна.
Үйл явдал болгоныг үлдээхгүй мэдээлдэг, томоохон үйл явдал болохоор Төрийн ордноор нэг шавчихдаг хэвлэлүүд энэ удаагийн сонсгол дээр дүлий дүмбэ байна. Хэвлэлүүдийг ажиглавал бас л хэд хуваагдчихаж.
Тэр сайт, тэр тв гэж хэлэх нь хаашаа юм. Фэйсбүүк хуудас руу нь өнгийгөөд харахад л мэдэгдэж байгаа. Хэвлэлүүд ийм байдалд хүрэх нь аргагүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлээс 1.4 тэрбум төгрөгийг хэвлэлд зарцуулсан гэх мэдээлэл гарсан.
Хэвлэлүүд ч мэдээлэхгүй, аль аль фракцын томоохон улс төрчид ч байхгүй, НИТХ-ын шившиг дэлгэгдсэн энэ сонсгол дээр Х.Нямбаатар хүрээд ирвэл бараг сонсгол зохион байгуулагчид тусалж байна л гэсэн үг. Тиймээс тэр өнөөдрийн сонсголд ч ирэхгүй болов уу.
Эдгээр жишээнээс харвал, сонсголыг одоо У.Хүрэлсүх ч, Н.Учрал ч дэмжихгүй юм байна. Х.Нямбаатар ч, тэдний талынхан ч оролцохгүй юм байна. Тиймээс энэ сонсголыг ард түмнээс өөр хэн ч дэмжихгүй нь ээ.
Гэхдээ…
Гэхдээ сонсгол хараахан дуусаагүй байна. Улс төр гэдэг алга урвуулахын зуур өөрчлөгдөж болдог, уян хатан зүйл. Аль тал ямар төлөвлөгөө гаргаж суухыг хэн ч таашгүй.
Сэтгэгдэл үлдээх