Нийслэлийн ТӨХК-иудын ТУЗ-д 1.9 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ

Г.Энэбиш
2026-06-16

Нийслэлийн өмчит болон нийслэлийн оролцоотой компаниудын мэдээллээс харахад ТУЗ-ийн дарга, гишүүдэд 2024 он, 2025 он болон 2026 оны эхний таван сарын байдлаар нийтдээ дор хаяж 1.9 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон байна. НЗД болон түүний багт хяналт тавих эрхтэй, иргэдийг төлөөлөн ажиллах үүрэгтэй НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн төрийни өмчит газруудын дарга, ТУЗ албан тушаал хашиж өөрөө өөрсөндөө урамшуулал нэрээр мөнгө олгосоор иржээ. Энэ нь өнөөдрийн Улаанбаатар хотын төсөв хяналтгүй, засаглалын хувьд хямрал руу орсныг батлах нэгэн баримт болж байна. 

Хамгийн өндөр зардалтай байгууллагуудын жагсаалтыг Хот тохижилтын газар тэргүүлж, ТУЗ-ийн дарга, гишүүддээ нийт 227.7 сая төгрөгийн цалин, урамшуулал олгожээ. Сонсголоор ил болж буй НИТХ төлөөлөгчид ажиллаж байгаа Нийслэлийн төрийн өмчит компаниас ТУЗ-д олгосон урамшууллын мэдээллийг хүргэж байна.  Энэхүү урамшуулал нь 2024, 2025 оны нийлбэр дүн болно. 

Сонирхолтой нь, зарим байгууллагууд бодит үйл ажиллагаа нь хязгаарлагдмал эсвэл төсөл хэрэгжүүлэх шатандаа байгаа ч ТУЗ-ийн зардал өндөр хэвээр байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, Улаанбаатар Смарт Карт компанийн ТУЗ-ийн зардал 206 сая төгрөгт хүрсэн бол Нийслэлийн орон сууцны корпораци 156 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Мөн нийслэлээс сүүлийн жилүүдэд байгуулсан шинэ бүтэц, корпорациуд болох Тархмал эрчим хүчний дэд бүтэц, Улаанбаатар орон сууцжуулалт, Урт цагаан үйлчилгээний төв, Хүннү хотын хөгжлийн корпораци зэрэг байгууллагуудад ч ТУЗ-ийн цалин, урамшууллын тогтолцоо хэрэгжиж эхэлсэн байна.

Нөгөө талд метро, трамвай, дүүжин тээвэр зэрэг томоохон төслүүд санхүүжилтийн хүндрэл, төсвийн тодотголын асуудалтай нүүр тулж буй энэ үед нийслэлийн өмчит компаниудын удирдах зөвлөлийн зардал бараг 2 тэрбум төгрөгт хүрсэн нь татвар төлөгчдийн мөнгөний үр ашигтай зарцуулалтын талаар шинэ асуулт дагуулж байна.

ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал нь компанийн ашигт ажиллагаа, үр дүнтэй шууд холбоотой байх ёстой ч нийслэлийн өмчит байгууллагуудын дунд алдагдалтай ажилладаг, эсвэл төсвөөс бүрэн хараат байгууллагууд цөөнгүй байдаг. Иймээс эдгээр урамшуулал бодит гүйцэтгэлтэй хэрхэн уялдсан талаар олон нийтэд илүү нээлттэй тайлагнах шаардлага нэмэгдэж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Davhardsan adilhan chig uuregtei companiud niisleld ch ter ulsad ch ter ymar ih bnaa. Edgeeriig negtgeh, tatan buulgah zerg ajliig uls niiteer hiildee

Zochin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe