Их Монгол Улс үүсгэн байгуулагдсны 820 жилийн ойг тохиолдуулан «Эш хөргийн ивээл, Эв эеийн ерөөл» тусгай үзэсгэлэн долоодугаар сарын 6-наас есдүгээр сарын 10-ныг дуустал Тайваний Үндэсний Хааны ордон музейд зохион байгуулагдах ба үүний хүрээнд агуу их Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох хоёр хосгүй бүтээл дэлгэгдэх гэж байна.
Энэ удаад үзэгчдийн хүртээл болгон дэлгэхээр:
Их эзэн Чингис хааны эш хөрөг - 208 тоот Хүндэтгэлийн тэнхим,
Хубилай хаан «Авд мордсон нь - 204 тоот тэнхимд тус бүр тавигдана.
Тайваний Үндэсний Хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг эдгээр бүтээл нь хязгаарлагдмал горимоор дэлгэдэг үнэ цэнтэй бүтээлийн тоонд багтдаг тул өнгөрсөн жилүүдэд зөвхөн онцгой тохиолдолд л олны хүртээл болж байжээ. Энэ зун хоёр бүтээл зэрэг дэлгэгдэж буй нь ховорхон тохиолдох түүхэн үйл явдал болоод байгаа юм.
Юань улсын түүхэд тэмдэглэснээр 1277 онд дээдсийн тахилгын сүм байгуулах зарлигыг Хубилай хаан буулгаж, удаах онд өвөг эцэг Чингис хааны хөргийг бүтээх үйлийг ордны зураач Хорихасунд даатгажээ. Их хааныг амьд сэрүүнд нь хараагүй ч Хубилай хааны өгүүлсэн дүр төрхөөр баримжаалж, торгон дээр 59.1×46.8 см хэмжээтэй зурсан уг хөргийг Их эзний дүрийг хамгийн бодитоор дүрсэлсэн бүтээл хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Булган малгайн үсний ширхэг бүрийг нарийн буулгасан энэ хөрөг 750 гаруй жилийн турш түүхийн гэрч болсоор иржээ.
Харин «Авд мордсон нь» бүтээлийг ордны зураач Лю Гуаньдао 1280 онд туурвисан бөгөөд Хубилай хаан хатан, шадар хүмүүсийн хамт ан хийж буйг дүрсэлсэн энэ зураг Үндэсний Хааны ордон музейн үнэ цэнтэй бүтээлүүдийн нэг хэмээн тооцогддог.
Үзэсгэлэнгийн хүрээнд Чингис хааны эш хөргийг албан ёсны эрхтэйгээр Монгол зураачаар хуулбарлан зуруулсан шинэ бүтээлийн нээлт мөн болох юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр буюу 7-р сарын 6-нд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт Тайбэй хотын Гэр бүл, Боловсролын Төвд 19:00-21:00 цагт болно. Тоглолтод “Дэлхий” хамтлаг болон Улаанбаатар Театрын уран бүтээлчид оролцож, 350 үзэгчийг хүлээн авна.
Уг хүндэтгэлийн тоглолтыг “Хос хэл, хос соёл” НҮТББ болон Тайвань дахь Монгол Оюутан Залуусыг Дэмжих Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
🗓 Үзэсгэлэн: 7-р сарын 6 - 9-р сарын 10, Тайваний Үндэсний Хааны ордон музей
🎵 Хүндэтгэлийн тоглолт: 7-р сарын 6, 19:00–21:00, Тайбэй хотын Гэр бүл, Боловсролын төв
Сэтгэгдэл үлдээх