Сэлбийн 500 сая долларын асуулт: Хот босох уу, өр үлдэх үү?

Г.Энэбиш
2026-06-16

Улаанбаатар хотын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтын нэг хэмээн сурталчилж буй Сэлбэ 20 минутын хот төсөл өнөөдөр 5.5 их наяд төгрөгийн өртөгтэй аварга төсөл болон тэлжээ. Гэвч УИХ-ын хяналтын сонсголд танилцуулсан дүгнэлтээс харахад төслийн хамгийн чухал асуудлууд шийдэгдээгүй байхад барилгажилтыг эхлүүлсэн нь ноцтой эрсдэл дагуулж эхэлсэн байна.

Нийслэл энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн онд олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгосон. Жилийн 7.75 хувийн хүүтэй энэхүү өрийг 2027 оны долдугаар сараас төлж эхлэх бөгөөд үндсэн төлбөрийн хугацаа хүртэл ердөө 14 сар үлдээд байна.

Гэвч өнөөдөр хотын удирдлагуудын хамгийн их ярьж байгаа орон сууцны барилгуудын цаана төслийн суурь асуудлууд хариултгүй хэвээр үлджээ. Юуны өмнө ийм хэмжээний хөрөнгө оруулалтын үндсэн баримт бичиг болох Техник эдийн засгийн үндэслэл бүрэн батлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл олон тэрбум төгрөгийн шийдвэрүүд эцсийн байдлаар баталгаажсан ТЭЗҮ-гүйгээр гарсан гэсэн үг.

Түүнчлэн төслийн дулаан хангамжийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Нийт хэрэгцээ 93 мегаватт гэж тооцсон ч өнөөдрийн байдлаар 37 мегаваттын эх үүсвэр хаанаас бий болох нь тодорхойгүй байгаа аж. Цахилгаан хангамжийн гол объект болох 35/10 кВ-ын дэд станцын санхүүжилт ч шийдэгдээгүй байна. Авто замын зураг төсөл болон барилгын хөрөнгийн эх үүсвэр мөн адил тодорхойгүй байгаа нь анхаарал татаж байна.

Өөрөөр хэлбэл 113 орон сууцны барилга босож байгаа ч тэдгээрийг ашиглалтад оруулахад шаардлагатай дулаан, цахилгаан, замын асуудал бүрэн шийдэгдээгүй байна.

Санхүүгийн талаас нь харвал эрсдэл бүр том 

5.5 их наяд төгрөгийн төслийн 44.5 хувийг улсын болон нийслэлийн төсөв, 34.8 хувийг нийслэлийн бонд санхүүжүүлж байна. Харин хувийн хэвшлийн оролцоо ердөө 19.4 хувь байхаар тооцжээ.Өөрөөр хэлбэл төслийн нийт ачааллын бараг 80 хувь нь татвар төлөгчид болон нийслэлийн өр дээр бууж байна гэсэн үг.

Хамгийн сонирхолтой нь анхны төлөвлөлтөөс хүн амын нягтралыг хэд хэдэн удаа нэмэгдүүлжээ. 2015 оны төлөвлөгөөнд 12 мянга орчим хүн амьдрахаар тооцож байсан бүсийг өнөөдөр 48 мянга гаруй хүнтэй байхаар зурагласан байна. Дөрөв дахин өссөн энэ өөрчлөлтийн үндэслэл тодорхойгүй байгааг хяналтын сонсголын дүгнэлтэд онцлов.  Гэвч хамгийн том асуулт нь өөр газар байгаа юм.

Анх энэ төслийг гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, яндан бууруулах зорилгоор эхлүүлсэн. Төсөл хэрэгжсэнээр 15,600 яндан, 12 мянган нүхэн жорлон буулгана гэж зарласан.

Гэтэл өнөөдрийн байдлаар баригдах орон сууцыг 3,7 саяар борлуулна гэх албан бус мэдээ байна .Энэ нь хотын захад баригдаж байгаа төр хэрэгжүүлж буй төсөл гэхэд хэтийдсэн өндөр үнэтэйг харуулж байгаа юм.  Борлуулалтын төлөвлөгөөнд гэр хорооллын иргэдэд зориулсан тусгай зохицуулалт тусгагдаагүй талаар дүгнэлтэд дурджээ. Өөрөөр хэлбэл газраа чөлөөлсөн иргэд эргээд шинэ хотхондоо амьдрах боломжтой эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Үүнээс гадна нүүлгэн шилжүүлсэн иргэдийн хэд нь тухайн бүсдээ үлдсэн, хэд нь хотын өөр зах руу шахагдсан талаарх нэгдсэн мэдээлэл байхгүй байгаа нь төслийн нийгмийн үр нөлөөг хэмжих боломжийг үгүй хийж байна. Хяналтын сонсголд танилцуулсан дүгнэлтийн хамгийн хатуу өгүүлбэр нь "Төр худалч болсон, итгэлцэл алдагдах эрсдэл үүссэн" гэсэн дүгнэлт байлаа.

Учир нь АХБ болон олон улсын байгууллагуудын оролцоотойгоор иргэдтэй 10 гаруй жил ажиллаж бий болгосон төлөвлөлт, зөвшилцлийн зарим зарчим өөрчлөгдөж, анхны амлалтууд замдаа бүдгэрсэн гэж үзжээ.

Өнөөдөр Сэлбэ төсөл бол зөвхөн барилгын төсөл биш. Энэ бол хот төлөвлөлт, төрийн өр, иргэдийн өмчийн эрх, нийтийн мөнгөний үр ашиг зэрэг асуудал нэг дор зангилагдсан том сорилт болсон байна.Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл Улаанбаатарын гэр хорооллыг шинэчлэх хамгийн том туршлага болно. Харин бүтэлгүйтвэл нийслэлийн түүхэн дэх хамгийн үнэтэй алдааны нэг болж үлдэх эрсдэл бодитоор үүсээд байна.

Тиймээс өнөөдөр тавигдах ёстой гол асуулт нь "барилга хэдэн хувьтай явж байна вэ" биш. Харин "5.5 их наяд төгрөгийн төсөл эцэстээ зорилгодоо хүрэх үү, эсвэл өр үлдээх үү" гэдэг асуулт юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe