Улаанбаатар хотын хамгийн өндөр өртөгтэй дэд бүтцийн төслүүдийн нэг болох "Туулын хурдны зам"-ын төслийг өнөөдөр сонсголоор сонслоо.
Анх 916.3 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр тооцож байсан төслийн өртөг өнөөдөр 2.384 их наяд төгрөгт хүрч, ердөө хэдхэн сарын дотор 160.3 хувиар өссөн байна. Хяналтын сонсголын дүгнэлтэд энэхүү өсөлтийг инфляц, үнийн өсөлттэй холбоогүй гэж үзжээ. Харин төсөв батлагдсаны дараа замын үндсэн үзүүлэлтүүдийг өөрчилсөн нь гол шалтгаан болсон байна. Тухайлбал дөрвөн эгнээ замыг зургаан эгнээ болгож өргөтгөсөн, гүүрэн байгууламжийн уртыг 3.8 км-ээс 9.9 км болгон 2.6 дахин нэмэгдүүлсэн, трассын чиглэлд өөрчлөлт оруулсан зэрэг шийдвэрүүдийн дараа төсөв огцом өссөн гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл төслийн үндсэн зураг төсөл, ТЭЗҮ бүрэн эцэслэгдээгүй байхад төсөв баталсан нь хамгийн том алдаа болсон гэж дүгнэсэн байна.
Үүгээр ч зогсохгүй төслийн байгаль орчны үнэлгээ дуусаагүй байхад худалдан авах ажиллагаа, гэрээ байгуулах, санхүүжилт олгох шийдвэрүүдийг гаргасан нь хуульд заасан эрсдэлийг урьдчилан үнэлэх зарчимтай нийцээгүй гэж үзжээ.
Төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ 2026 оны гуравдугаар сарын 19-нд батлагдсан байхад тендер шалгаруулалт, гэрээ байгуулах ажиллагаа түүнээс өмнө хийгдсэн байна.
Цаашлаад гүйцэтгэгч компани Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй мөртлөө ажлаа эхлүүлсэн тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ажлыг нь түр зогсоож байсан юм. Мөн төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байхад бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь газар чөлөөлөлтийн асуудлаас харагдаж байна.
Шинэчилсэн зураг төслийн дагуу нөлөөлөлд өртсөн 112 нэгж талбарын ердөө 58-тай нь зөвшилцсөн бол үлдсэн 54 нэгж талбар буюу нийт өртөгчдийн 48.2 хувьтай тохиролцоонд хүрээгүй байна. Энэ нь иргэдийн өмчийн маргаан, шүүхийн процесс үүсгэж, төслийн хугацаа сунжрах, өртөг дахин нэмэгдэх эрсдэлийг бий болгож байгааг дүгнэлтэд анхааруулжээ.
Хамгийн анхаарал татсан асуудал нь урьдчилгаа санхүүжилттэй холбоотой
Нийслэл гүйцэтгэгч компанид нийт 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон боловч энэхүү төлбөрийн баталгааг гаргасан гадаад байгууллагын эрх зүйн байдал, санхүүгийн чадавх, Монгол Улсад баталгааг хэрэгжүүлэх боломжийг захиалагч тал бүрэн нягталж баталгаажуулаагүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл хэдэн зуун тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлэхдээ баталгааны найдвартай байдлыг бүрэн шалгасан эсэх нь эргэлзээ дагуулж байгаа юм.
Хяналтын сонсголын дүгнэлтээс харахад Туулын хурдны замын төслийн асуудал нь зөвхөн төсөв өссөнд бус, харин төслийн бэлтгэл бүрэн хангагдаагүй үед шийдвэрүүдийг дараалан гаргасан удирдлагын алдаанд оршиж байна.
Товчхондоо, эхлээд зураг төсөл, ТЭЗҮ, байгаль орчин, газар чөлөөлөлтөө бүрэн шийдэх ёстой байсан ч бодит байдал дээр эхлээд мөнгө баталж, тендер зарлаж, гэрээ байгуулж, урьдчилгаа олгосны дараа үлдсэн асуудлуудаа шийдэх гэж оролдсон нь өнөөдрийн бүх эрсдэлийн үндэс болжээ. Тус төслийн трансыг өөрчлөн үргэлжүүлэх хувилбарыг улс төрийн хүрээнд ярьж байна. Харин өндөр өртгийг нь бууруулах эсэх асуудал тодорхойгүй байгаа юм. Иргэдийн бухимдал, жагсаал цуглаан болтлоо өргөжсөн Туулыг дайруулан гол хурдны зам барих гэсэн ажлыг өнөөдөр ийнхүү улс нийтээрээ харлаа. Харин алдааг нь хэрхэн залруулахыг олон нийт анхааралтай ажиглаж байгааг мартаж үл болно.
Сэтгэгдэл үлдээх