"Далайн хаадууд" клуб 15 жилийн ойн хүрээндээ олон улсын нээлттэй усан спортын "Blue Mongolia Buir 2026" фестивалийг анх удаа зохион байгуулах гэж байна. Фестиваль ирэх зургаадугаар сарын 28-30-ны хооронд Дорнод аймгийн Буйр нуурт болно. Тус фестивалийн талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
Тэмцээнийг зохион байгуулагч Б.Ангараг ярихдаа "Далайн хаадууд" клуб 15 жилийн ойн хүрээндээ далайцтай ажлууд хийж байгаагийн нэг нь задгай усанд сэлэлтийн тэмцээн. Энэхүү тэмцээнд одоогийн байдлаар 10 гаруй улсын 100 орчим тамирчин ирэхээр мэдүүлгээ өгөөд байна. Одоогоор Япон, АНУ, Тайланд, Турк, Хятад, Орос, Иран зэрэг улсуудаас тамирчид ирэхээр мэдүүлгээ өгсөн. Үүн дээр зохион байгуулагч Монгол Улс тамирчдаа өрсөлдүүлэхээр бэлтгэлдээ гарсан. Гурван өдрийн турш өрсөлдөх тэмцээнийхээ хөтөлбөр төлөвлөгөөг бид гаргаж байгаа. Өсвөр үе, ахмад, насанд хүрэгчид гэсэн насны ангиллаар задгай усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулах стандарт дүрмийн дагуу эх орондоо анх удаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
Тэмцээний зохион байгуулалтад маш олон салбарын хүмүүсийн дэмжлэг, оролцоо, туслалцаа хэрэг болж байна. Дорнод аймгийн ЗДТГ болон харьяа төрийн байгууллагууд дэмжин ажиллаж байгаад талархлаа илэрхийлье. Мөн зөвхөн тэмцээн бус гэр бүлээрээ тэмцээнийг үзэхээр ирсэн хүмүүстээ олон төрлийн хөтөлбөр, урлаг соёлын арга хэмжээг агуулсан цогц үйл ажиллагааг үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Буйр нуур маань Монгол Улсын ганц усан хил. Тиймээс аюулгүй байдлыг хангах зорилгоор онцгой байдлын байгууллага, Мэнэнгийн застав, хилийн алба зэргээр хил орчмын аюулгүй байдлыг хангах бүх байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Задгай усанд сэлэлтийн тэмцээн бассейнд болдог тэмцээнээс эрс ондоо. Аюулгүй байдал маш чухал. Тиймээс Далайн хаадууд клуб маань 15 жилийн турш онцгой байдлын байгууллагатай хамтран мэргэжлийн аврагч хүмүүсийг бэлтгэдэг туршлагаараа маш олон хүмүүстэй хамтран ажиллаж байгаа.
Энэхүү тэмцээн маань эх орноо олон улсад сурталчлан таниулах, Буйр нуур цэнгэг устай нуур учраас усыг хайрлан хамгаалах, хүүхэд залуустаа хөрсний цэнгэг ус, цэнгэг усаа хайрлах хамгаалах, олон улсад Буйр нуураа тунхаглан зарлах, бид чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг усаа хайрлах уриалгыг дэвшүүлж байгаа юм. Мөн бид олон сайн дурын ажлыг зохион байгуулна. Үүний нэг нь Буйр нуурын эрэг орчмын цэвэрлэгээ, ариутгалын үйл ажиллагааг хийхээр ажиллаж байна. Бид Буйр нуурыг олон улсад таниулахын сацуу Монгол Улс задгай усанд сэлэлтийн олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн хүчин чадалтай гэдгээ таниулахаас гадна, тэмцээнийг зохион байгуулах ур чадвартай мэргэжлийн хамт олон байгааг, мөн манайд мэргэжлийн өндөр зэрэгтэй, хэргэм зэрэгтэй тамирчид байгааг таниулах, тэднийхээ шандсыг сорих, олон улсын тэмцээнийг зохион байгуулах туршлагыг эх орондоо нэвтрүүлсэн сайхан тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна.
Тэмцээнд урьсан тамирчид маань олон улсад зэрэглэл өндөртэй, тив, дэлхий, олимпын аваргууд ирнэ. Үүний нэг нь бидний сайн мэдэх PHYSICAL: ASIA 100 шоунд Япон улсын багийг ахалж оролцсон тамирчин байгаа. Одоогоор бид нэрийг нь нууцалж байна" гэв.
"PHYSICAL: ASIA 100" шоуны Японы багийн оролцогч нь Олимпын аварга Кацуми Накамүра ажээ.
Фестивалийн хөтөлбөрт одоогийн төлөвлөгөөгөөр:
Мөн тэмцээний оролцогч, аялагчдад зориулж, зургаадугаар сарын 26-нд Дүнжингарав худалдааны төвөөс автобус явуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Сэтгэгдэл үлдээх