Нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 16 мега төслийн нийт төсөвт өртөг 28.9 их наяд төгрөгт хүрсэн нь 2025 оны улсын төсвийн 93 хувьтай тэнцэх хэмжээний дүн болж байгааг ерөнхий хяналтын сонсголын үеэр танилцууллаа.
Шинжээчдийн дүгнэлтээр эдгээр төслийн хамгийн том эрсдэл нь санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхой бус байдал. Нийт санхүүжилтийн 54 хувь буюу 15.5 их наяд төгрөгийг гадаад зээл, гадаад бондоор бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эх үүсвэрийг бодитой шийдвэрлэлгүйгээр төслүүдийг эхлүүлэх нь хугацаа хойшлох, төсөв хэтрэх, зээлийн ашиглалт муудах, улмаар өр төлбөрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй гэжээ.
Мөн 2026 онд нийт төслийн өртгийн 22.3 хувь буюу 6.4 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар ердөө 0.8 хувийг л ашигласан нь хэрэгжилт төлөвлөгөөнөөс ихээхэн хоцорч байгааг харуулж байна.
Төслүүдийн эдийн засгийн үндэслэлд хийсэн шинжилгээ ч хангалтгүй байгааг онцолсон.
Нийт өртгийн 70 хувийг бүрдүүлдэг зургаан том төслийн ТЭЗҮ-тэй танилцахад төсөвт үзүүлэх ачаалал болон зээлийн эргэн төлөлтийн шинжилгээг огт хийгээгүй байна.
Түүнчлэн Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн хувьд эдийн засгийн өгөөж, хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо огт хийгдээгүй гэж дүгнэжээ.
Туулын хурдны замын төсөлд ч эргэлзээтэй асуудал байгааг шинжээчид тэмдэглэсэн байна. Уг төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцохдоо зөвхөн тээврийн хэрэгслийн зардал болон зорчих хугацааны хэмнэлтийг авч үзсэн бөгөөд байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг зардалд тусгаагүй гэжээ. Үүний улмаас төслийн өгөөжийн тооцоо хэт өөдрөг гарсан байх магадлалтай гэж үзсэн байна.
Нөгөө талаас метро, трамвай, BRT, дүүжин тээвэр, хурдны зам зэрэг түгжрэл бууруулах ижил зорилготой төслүүдийн нийлмэл нөлөөллийг тооцоогүй нь бас нэг эрсдэл болж байна. Эдгээрийг зэрэг ашиглалтад оруулахад зорчигчдын урсгал хэрхэн хуваарилагдах, төслүүд ТЭЗҮ-д тусгасан хэмжээндээ ашиглагдаж эдийн засгийн өгөөжөө өгөх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Ингэснээр нийслэлийн мега төслүүдийн гол эрсдэл нь гадаад өрөөс хэт хамааралтай санхүүжилт, эдийн засгийн хангалтгүй тооцоо, төсөвт ирээдүйд үүсэх дарамтыг үнэлээгүй байдал, мөн төслүүдийн өгөөжийг хэт өөдрөгөөр төсөөлсөн явдал гэж шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл үлдээх