Цогт-Овоочууд намдаа сэтгэлээрээ зүтгэж байгаа залуусыг дэмжихийг хүсэв

.Graph
2026-06-18

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, дэд дарга У.Баянмөнх, Цогт-Овоо сумын Монгол Ардын намын хорооны дарга А.Нарандэлгэр, дэд дарга О.Аюуш, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй Цогт-Овоо суманд энэ зургаадугаар сарын 17-нд ажиллав.

Цогт-Овоо сум 2000 гаруй хүн амтай бөгөөд Монгол Ардын нам 200 гаруй гишүүнтэй аж. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчидтэй уулзалт хийлээ.

Тус сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчид нэгдмэл санаа зорилготой, эв нэгдэлтэйг тэдний яриа илтгэнэ. “Намын анхан шатны байгууллагыг дэмжиж ажиллах нөхцөл бололцоогоор хангамаар байна. Намдаа сэтгэлээрээ зүтгэж байгаа залуусыг дэмжиж, урам өгөх хэрэгтэй. Сүүлийн үед сошиал дээр үнэн, худал мэдэгдэхгүй зүйл их гарч байна. Монгол Ардын нам шударга, суурьтай ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шинэчлэл хийхээр ярьж байна. Гэтэл Ардчилсан намынхан Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичиг өргөн барилаа. Хэрвээ огцруулбал тэтгэврийн шинэчлэл хийгдэхгүй. Хүнийг ажил хийлгэхгүй байна” хэмээн ярьцгааж байлаа.

Дараагаар нь Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Цогт-Овоо сумын Монгол Ардын намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.

Уулзалтыг нээж, Цогт-Овоо сумын Монгол Ардын намын хорооны дарга А.Нарандэлгэр “Өнөөдрийн уулзалт бол зөвхөн мэдээлэл сонсох бус орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг хэлэлцэн, гарц шийдлийг хамтдаа хайх юм. Тиймээс та бүхэн саналаа чөлөөтэй илэрхийлээрэй” хэмээв.

Ингээд намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад харилцаа, бүтээн байгуулалтын талаар намын гишүүд дэмжигчдэд мэдээлэл хийсэн юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийг дөрөв дахин тэлж, эрчим хүч 700 МВТ-аар нэмэгдэж, 250 гаруй цэцэрлэг шинээр бий болж, гадаад харилцаанд итгэлцэл бий болсныг жишээ дурдан тайлбарлав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан тэтгэврийн шинэчлэлийн бодлого олон нийтийн анхаарлын төвд байж нийгэмд “хүлээлт” үүсгэсэн чухал асуудал болоод буй.

Тиймээс энэ хуулийн төсөл батлагдсанаар ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарч 100.000–300.000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмадуудад олгож, 504.000 ахмадын тэтгэвэр дунджаар 215.000 төгрөгөөр нэмэгдэж, 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилах шууд үр дүн гарахыг Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр илтгэлдээ тодотгож, “Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ” гэдгийг онцлов.

Цаашлаад Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Ирээдүйн өв санд 4.7 их наяд төгрөг хуримтлуулж, “Рио Тинто”-гийн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулснаар Монголын өгөөж 1.5 тэрбумаар ам.доллароор өсгөөд байгааг дурдлаа.

Уулзалтаар Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд аймагтаа хийж байгаа болон цаашид хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрөө танилцуулав. Тэрбээр “Аймгийн хэмжээнд “Гишүүдээ сонсъё” аяныг өрнүүлж байна. Энэ жил нийт 3785 өрхөөр орно. Үүнээс долдугаар сарыг хүртэл 1500 айл өрхөөр орж дуусгахаар төлөвлөж, уулзалт хийж байгаагаа илтгэлийнхээ эхэнд хэллээ. Дараагаар нь “Тэрбумтан Өмнөговьчууд” төслөө Цогт-Овоочуудад танилцууллаа. Энэ төсөл хэрэгжсэнээр “Нутгийн дэм” хөтөлбөрт малчид, оюутнуудыг хамруулж, тэднийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхээр тусгасан байна.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг Цогт-Овоо сумын намын ахмад гишүүн Д.Эвийхүү, С.Сүх, Ц.Сугирсүрэн гуайнд очиж, хүндэтгэл үзүүллээ. Ахмад гишүүн Д.Эвийхүү гуай “Монгол Ардын намын дарга Н.Учрал залуу, сайхан хүн. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрыг зоригтой удирдаж ажиллах байх гэж найдаж байна. Ахмадууд бид тэтгэврийн зээл авахад хүү нь өндөр байна. 100 төгрөгнөөс 20-ыг нь хасаж, суутгаж байна. Ахмадууд тэтгэврийн зээл авах шаардлага гардаг. Гэвч зээлийн хүү өндөр байна. Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх гэж байгааг дэмжиж, хүлээж байна. УИХ-аас олон хууль батлагдан гарах юм. Харин төрийн дунд шатныхан хуулийг хэрэгжүүлэхгүй байна” гэлээ. Үүнд намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Засгийн газар гадаадын банк оруулж ирэх талаар судалж байна. Хэрвээ гадаадын банк оруулж ирвэл зээлийн хүү буурна” хэмээн мэдээлэл өглөө.

Тэгвэл МАН-ын ахмад гишүүн Ц.Сугирсүрэн “Улс орон сайхан хөгжиж байна. Малын хонины нэхий, ямааны арьс гээд хайран сайхан түүхий эд хаягдаж байгаад санаа зовж байна. Ноос л харин үнэ хүрч байгаа. Малын түүхий эдийг үнэтэй болгомоор байна” гэлээ.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд малын түүхий эдийг дахин боловсруулах төсөл хэрэгжиж байгаа. Тухайлбал, хонины ноосоор бордоо хийж, АНУ, Герман руу экспортолж байна. Манай малын бүтээгдэхүүн эко гэж гаднынхан үзэж байна. Тиймээс ноос үнэд ороод “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн гарч байна. Цаашид ч бусад түүхий эдийг боловсруулж, зах зээлд гаргахад Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон Ерөнхийлөгчийн “Цагаан алт” хөтөлбөр үр дүнгээ өгнө” хэмээн хариулав

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe