Төсвийн байнгын хорооноос нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаар сонсгол хийж, олон асуудлыг ил болголоо. Эдгээрээс дараах ТАВАН асуудлыг зайлшгүй эргэн харах, үргэлжлүүлэн олон нийтээр хэлэлцэж шийдэлд хүрэх ёстой байгаа юм.
Давхар дээлийн учрыг олъё
УИХ, Засгийн газрын хэмжээнд бол давхар дээл гэдэг нь УИХ-ын гишүүн сайдаар ажиллахыг хэлдэг. Тэгвэл нийслэлийн хувьд яг ямрыг нь давхар дээлтэй гэж хэлэх нь ч тодорхой бус байна. Жишээлбэл, нийт 45 төлөөлөгчийн 43 нь давхар албан тушаал хашдаг юм байна. Хашдаггүй хоёр нь Хотын дарга асан Х.Нямбаатар, НИТХ-ын дарга асан А.Баяр нар. Тэгвэл давхар албан тушаал хашдаг төлөөлөгчдийн зарим нь
Тэгвэл эдгээрийн алийг нь давхар хашиж байвал давхар дээл нөмөрсөн гэж үзэх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай.
Үүнийг тодорхой болгосны дараагаар нийслэлд давхар дээл байх ёстой юу, ёсгүй юу. Байлаа гэхэд хэдээр хязгаарлах юм, хязгаартай байх юм уу энэ хэвээр байх юм уу гэдгийг хэлэлцэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол НИТХ-ын төлөөлөгчид бүгд Засаг даргаасаа цалинжаад, хэн нь хэнийгээ хянах вэ гэдэг хяналт тэнцэл алдагдаад байгаа юм.
НИТХ-ийн төлөөлөгчдийг цалинжуулъя, гэхдээ…
Сонсголоор бид НИТХ-ийн төлөөлөгчид цалингүй ажилладаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байсан ч хэзээ ч хөдөлмөрөө үнэгүйдүүлэхгүй. Хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаа хүн бол нэг бол тэнэг, үгүй бол эрх ашигтай л байж таараа. НИТХ төлөөлөгчид цалин авахгүй байх эрх ашигтай гэдэг нь баримтаар нотлогдсон. Тухайлбал, бүгд бүгдээрээ ТУЗ-д дарга, гишүүнээр ажиллаж сар бүр сул орлого данс руугаа авч байна. Үүгээр зогсохгүй, нийслэлийн агентлаг, компанийн захирлууд урамшуулал нэрийдлээр зуу зуун саяар мөнгө авчээ.

Өөрөөр хэлбэл, тэд сард 2-3 сая төгрөгийн цалин авч байхаар томоор сэтгэж тендер авъя, урамшуулал авъя, ТУЗ-д сууя гэвэл илүү ашигтай байгаа биз. Тиймээс тэднийг тохирох дүнгээр цалинжуулж, хариуд нь төрийн мөнгөнөөс сул орлого авдгийг болиулах хэрэгтэй байна.
Яагаад вэ гэвэл…
Та бүхэнд нэг тоо хэлье. Нийслэл 2025 онд нийтдээ 3.8 их наяд төгрөгийн орлого хуримтлуулжээ. Үүний 2 их наяд орчим нь ХХОАТ. Бидний сар бүрийн цалингаасаа 10 хувийг суутгуулдаг мөнгөнөөс нийслэлийн төсвийн 50 хувь нь боссон байна. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчид, дарга нар ТУЗ-д суугаад л сул цалин авч, өндөр дүнтэй урамшууллуудыг жил бүр авч байсан байна. Үнэхээр шударга бус.
Нийслэлийн төсвийг улсын төсөвтэй нэгтгэх ёстой юу, үгүй юу
Улс төрчид ам нээх болгондоо Монгол Улс бол нэгдмэл улс гэж дуугарч сонсогддог. Гэтэл төсөв санхүүгийн асуудал дээрээ түмэн задгай явдаг нь хэр оновчтой вэ гэдэг асуулт сонсголоос урган гарлаа.
Тодруулбал, 2024, 2025, 2026 хэмээх гурван онд нийслэл нийтдээ 15.7 их наяд төгрөгийг зарлагадсан байна. Харин орлого нь 12.3 их наяд. Нийслэлийн төсвийн алдагдал нь нийтдээ 3.4 их наяд. Зарим жилд улсын төсвийн алдагдлаас ч их байх тохиолдол байсан. Нийслэлийн төсвийг 2024 онд 4, 2025 онд 5 гээд нийт 9 удаа тодотгосон байна. Энэ нь хуулийн тодорхой шаардлагуудыг зөрчиж байсан.
Тиймээс нийслэлийн удирдлагууд хянах эзэнгүй, дураараа дургиж иргэдийг татварыг нэмснээ өөрсдөө идэж уугаад, зугаалаад явж байгаа нь хэр шударга вэ. Тиймээс нийслэлийн төсвийг улсын төсөвт нэгтгэх үү гэдэг хэлэлцүүлгийг олон нийтээрээ хийх шаардлагатай байна.
ТӨК-уудаа татан буулга
Ч.Лодойсамбуу гишүүн “Нийслэлд 80 компани байгуулсан байна. Эдгээр компанийн хийж байгаа ажлыг хувийн хэвшлүүд хийж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан уу. Ийм дүгнэлт гарсны дараа төр хувийн хэвшлийн өмнүүр орж ажиллах ёстой” хэмээн хэлсэн. Нийслэлийн ТӨК-ууд ашигтай гэхээсээ илүү алдагдалтай ажилладаг. Үсрээд л 7 тэрбумын ашиг гаргана, тэгсэн мөртлөө өөрсдийгөө шагнаж олон саяар урамшуулал олгож байна.
Засгийн газар дээр ч ТӨК-уудыг татан буулгаж, орон тоог цомхотгож байгаа. Энэ ажлыг мөн нийслэл дээр хийж, хувийн хэвшилтэй өрсөлдөөд байгаа, шаардлагагүй, алдагдалтай ажилладаг ТӨК-уудыг татан буулгах шаардлагатай байна.
Хотын даргыг сонгодог болъё
Сонсголтой зэрэгцээд Хотын даргыг томилдог биш, иргэдийн саналаар сонгодог болъё гэж яригдаж байна. Одоогийн хуулийн зохицуулалтаар НИТХ-д хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хотын даргыг нэр дэвшүүлж, НИТХ-ын хурлаар томилж, Ерөнхий сайдаар батламжуулдаг. Харин олон нийтийн зүгээс Хотын даргыг сонгуулиар сонгодог болох саналыг гаргаад байгаа. Энэ талаар одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагва “Засаглалын өөрчлөлт хийх хэрэгтэй гэвэл бид хамтрахад бэлэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх