Авлигын хэрэгтэй холбоотойгоор гадаад улсад нуусан хууль бус хөрөнгийг буцаан авах ажиллагаа Монгол Улсын хувьд бодит үр дүнгээ өгч эхэлжээ. Авлигатай тэмцэх газар 2021–2022 онд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн хөрөнгө буцаан авах ажиллагааны үр дүнд Их Британийн нийслэл Лондон хотод байрлах дөрвөн өрөө орон сууцыг Монгол Улсын өмчид буцаан авч чадсан юм.

Тухайн үед 1.1 сая фунт стерлингийн үнэлгээтэй байсан уг үл хөдлөх хөрөнгийг шууд худалдах бус, төрийн өмчид хадгалан үлдээж, түрээсийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан байна. Энэ нь хөрөнгийг нэг удаагийн орлого болгон зарцуулахын оронд урт хугацаанд үнэ цэнийг нь хадгалж, тогтмол өгөөж бий болгох зорилготой байжээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус хөрөнгийн зах зээлийн үнэ цэн 1.3 сая фунт стерлинг болж өссөн байна. Их Британийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл тогтвортой өсөлттэй байгаа бөгөөд орон сууцны үнэ жилд дунджаар 4–8 хувиар нэмэгдэж буй нь энэхүү өсөлтөд нөлөөлжээ.
Үүнээс гадна валютын ханшийн өсөлт Монгол Улсын хувьд нэмэлт өгөөж авчирсан байна. 2022 онд нэг фунт стерлинг ойролцоогоор 3,700 төгрөгтэй тэнцэж байсан бол 2026 оны зургаадугаар сарын байдлаар 4,900 төгрөг хүрч өссөн нь хөрөнгийн төгрөгөөр илэрхийлэгдэх үнэлгээг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.
Харин үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлснээр бий болсон орлогыг нийгмийн чиглэлд зарцуулж байгаа нь онцлог юм. Түрээсийн орлогоос төвлөрсөн хөрөнгөөр Эрдэнэт хотын “ Энэрэл” хүүхдийн асрамж, хамгааллын төвийн үйл ажиллагааг гурав дахь жилдээ санхүүжүүлж байна. Ингэснээр авлигын замаар завшигдсан хөрөнгийг эргэн авчраад зогсохгүй, хүүхдийн сайн сайхан байдал, нийгмийн хамгааллын салбарт бодит үр өгөөж болгон ашиглаж буй жишээ болж байна.
Хураан авсан хөрөнгийг зөв удирдан ашиглах нь зөвхөн төсөвт орлого төвлөрүүлэхээс гадна иргэдэд шууд хүртээмжтэй нийгмийн үйлчилгээ бий болгох чухал ач холбогдолтой юм. Лондон дахь энэхүү үл хөдлөх хөрөнгийн жишээ нь авлигын эсрэг тэмцлийн үр дүн бодит амьдралд хэрхэн өгөөжөө өгч болохыг харуулж байна.
Сонирхуулахад, дээрх хөрөнгийг хулгайлсан эзэн нь төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан байсан бөгөөд хахууль аван өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулсан байжээ.
Сэтгэгдэл үлдээх