Эвандис энтертайнмент эхэлж байснаа бодоход тэд хэдийнээ кпоп сонирхогчдын хамгийн дуртай энтертайнмент болжээ. Байгуулагдаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ компани сүүлийн гурван жил дараалаад БНСУ-ын дээд зэрэглэлийн idol-уудыг Монголд авчирч, дэлхийн хэмжээний тоглолтыг үзүүлж чадлаа. Анх үзэгчид дуулж байгаа хүнээ ч сайн судлахгүй, Rain-ийг тайзан дээр ганцаардуулж явсан бол энэ жил нэлээн зүйл сурч очжээ. Топ гурван хамтлаг, дуучны бараг бүх дууг мэдэж, дагаж дуулж байгаа нь тоглолтоо үзэж, дэмжиж сурч байгааг харуулж байна. Монголчууд бид ч дасан зохицохдоо гаргууд улс гэдэг нь юм юманд дээр л харагдах юм.
Гэхдээ тоглолт бүрийн үеэр өөрийн эрхгүй “Яагаад” гэсэн бодол төрдөг. Зөвхөн надад ч бодогдсон зүйл биш байх.
Монголын зах зээл маш жижиг шүү дээ. 3 сая хүнтэй газар тоглолт хийх, 30 сая хүнтэй газар тоглолт хийх нь эдийн засгийн өгөөжийн хувьд эрс ялгаатай. Магадгүй Улаанбаатарт тоглолтоо хийснээс Бээжинд ч юм уу, Хо Ши Минд ч юм уу тогловол илүү их мөнгө олно гэсэн үг. Эх орондоо шүтдэг idol-оо сонсоно гэдэг сайхан, “Яаж вэ” гээд нэг л итгэж өгдөггүй, тийм үү,
Нөгөө талаас нь харахад, Эвандисынхан менежмент сайтай байж болох юм. Тус компанийн захирал Ко Сунг Хун Unread.mn-д өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан байдаг. Тэрээр “Монголд тоглолт хийх саналууд өмнө нь их ирсэн ч 90 гаруй хувьд нь энтертайнмент талаас татгалзаж байсан. Учир нь, тоглолт зохион байгуулахаа цуцлах, эргэж буцах асуудлууд Монгол талаас үүсэж байсан болохоор энэ удаа ч бас тэгэх болов уу гэж болгоомжилж байсан нь мэдээж. Гэхдээ бид өмнөх үл ойлголцлыг залруулж, хэлэлцээрт хүрсэн” хэмээн ярьж байжээ.
Сая Монголд ирээд буцсан Jay Park, Lngshot хамтарсан тоглолтыг үзье гэвэл энгийн тасалбарын дундаж үнэ 90-100 ам.доллар байдаг юм байна. 320 мянгаас 360 мянган төгрөг хавьцаа гэсэн үг. Харин тэд Монголд тоглоход тасалбарыг хэзээ худалдаж авахаасаа шалтгаалаад энгийн тасалбарын дундаж үнэ 200 мянга хавьцаа байсан. Бараг л хоёр дахин хямд. Дээрээс нь маш цөөхөн үзэгч. Тасалбарыг тултал борлуулсан ч Европт, АНУ-д тоглогдсон тоглолтын дайнд хүрэхгүй нь мэдээж. Эвандис олон спонсортой. Тэднээсээ мөнгө босгож, нэмээд тасалбарын борлуулалт гээд олон сувгаар санхүүжилтээ бий болгодог байх. Хамгийн гол нь, цаад уран бүтээлчидтэйгээ гэрээлэхдээ төлбөрөө тасалбарын хувиар тооцдог уу, нэгдсэн том дүнгээр төлдөг үү гэдгийг хэн ч мэдэхгүй. Ямартай ч тэд яаж ийгээд боломжийн үнээр үзүүлдэг. Хэрэв бид Европ руу ч юм уу, АНУ руу ч юм уу яваад тэднийг үзнэ гэвэл 10 сая төгрөг багадна, тийм үү?
Кпоп idol-ыг өөрийн нүдээр харна, сонсоно гэдэг ямар ч кпоп сонирхогчийн туйлын мөрөөдөл. Fanzone-д зогсоод дуртай дуучнаа уйлаад сонсох мэдрэмж бас л гоё шүү дээ. Монгол дахь кпоп сонирхогчдын энэ мөрөөдлийг биелүүлж буй газар бол яалт ч үгүй Эвандис. Энэ жилийн тоглолт дуусахтай зэрэгцээд тэд дараа жил хэнийг авчрах бол гэсэн хүлээлтийг бий болгодог. Эвандис гэхээр урлагийн, эсвэл энтертайнмент салбарын сэдэв ярих ёстой гэж хүмүүс хэлэх байх. Гэхдээ би энэ удаад улс төрийн, олон улсын харилцааны сэдэв ярих гэж байна.
Учир нь, урлаг, энтертайнмент гэдэг өөрөө тухайн улсын зөөлөн хүчний бодлогын хамгийн хүчтэй зэвсэг байдаг. Японы зөөлөн хүчний бодлогын чухал салбар бол манга, анимэ гэдэгтэй адил БНСУ-ын зөөлөн хүчний бодлогын хамгийн чухал гурван салбар бол
Тиймдээ ч өнөөдөр кимчи идэж үзээгүй, Blackpink сонсож байгаагүй, солонгос кино, кдрама үзэж байгаагүй хүн ховор доо. Тэр хэмжээнд л БНСУ-ын зөөлөн хүчний бодлого хүчтэй үйлчилж байна. Сүүлийн үед яагаад ч юм солонгосчууд бидэнд дуртай болчихсон.
Энэ бүгдийг зүгээр нэг тохиолдол гэж бодохгүй байна. БНСУ биднээс юу авахын тулд энэ бүхнийг хийж байна вэ, биднээс юу авахын тулд биднийг тоож байна вэ. ЭНЭ БОЛ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ.
Харин Эвандис үүнд өөрөө ч мэдэлгүй тусалж байгаа. Магадгүй дунд эсвэл урт хугацаанд БНСУ-аас Монгол Улсын уул уурхайн салбар руу хийгдэх том хөрөнгө оруулалтын хөрсийг тэд зөөллөж байна.
Яагаад гэдгийг тайлбарлая.
Эвандис ХХК-ийн захирал Ко Сунг Хун. Багаасаа л хөгжимд хайртай нэгэн байж. Аав ээж нь Монголд ажилладаг солонгос хүмүүс. Тиймдээ ч яг л монгол хүн шиг өсөж торнижээ. Түүний карьер нь Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтарснаар эхэлж байсан. Одоо ч Эвандис энтертайнмент БНСУ-ын Элчин сайдын яамтай ганц нэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, аливаа улсад сууж буй Элчин сайдын яам гэдэг өөрийнхөө улсын бодлогыг хэрэгжүүлэгч байдаг учраас Эвандистай хамтарч ажиллаж буй нь тохиолдол биш.
Солонгос улс сүүлийн үед газрын ховор элементийн импортдоо онцгой анхаарч, олон улсад хөрөнгө оруулж эхэлсэн. Тус улсын зөвхөн Засгийн газар нь л гэхэд 2026 онд газрын ховор элементэд 67 тэрбум вон төсөвлөсөн нь өмнөх жилээсээ 73 хувиар өссөн үзүүлэлт.
Дээрээс нь газрын ховор элементийг голчлон хэрэглэдэг Samsung, Hyundai, LG зэрэг томоохон группууд Засгийн газраасаа тусдаа ч хөрөнгө оруулж байгаа. Учир нь, Солонгосын газрын ховор элементийн 90 хувийг нь Хятад дангаар нийлүүлдэг. Тиймээс Орос крантаа хаахаар Монголд бензингүй болдог шиг нөхцөл байдалд орохгүйн тулд эрсдэлээ тооцоолж, зөвхөн Хятадаас бус Австрали, Вьетнам, АНУ-аас нийлүүлэлтээ авахыг зорьж эхэлснээс гадна үүнд МОНГОЛ УЛС ч багтаж байгаа юм.
Энэ хүрээнд дипломат шугамаар ч ажил явж, амжилтад хүрсэн. Тухайлбал, 2022 онд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин манай улсад айлчлахдаа Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулах санаачилгыг гаргасан. Улмаар 2023 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлахдаа энэхүү санаачилгыг баримт бичиг болгож чадсан. Үүнээс хойш ГХЯ, БНСУ-ын Элчин сайдын яамаар тус төвийг байгуулах талаар хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулагдсаар байсан. Ингээд 2025 онд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзах үеэрээ тус төвийг ажил урагшлахгүй байгаа учир урагшлуулах талаар саналыг хэлсэн байдаг.
Ийнхүү 2025 оны 12-р сард Монгол, Солонгосын хамтарсан “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” байгуулагдсан билээ.
Солонгос болон Монголын харилцаанд газрын ховор элемент гэдэг шинэ категори нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал. Сүүлийн үед Монголын уул уурхайн төслүүд бүгд л төслөө эхлүүлэхээс өмнө олон нийтийн сэтгэл зүйг бэлддэг болсон. Тэгэхгүй бол худлаа, үнэн “гацаагчид”-тай нүүр тулж, цаг алддаг. Тиймээс сүүлийн үед болж буй энэ бүх “солонгос зүйл” олон нийтийн сэтгэл зүйг бэлдэж буй хэлбэр юм.
Шуудхан хэлэхэд, БНСУ-ын Засгийн газар Эвандис энтертайнментийн зохион байгуулдаг “Super concert”-оор дамжуулж, монголчуудыг idol-уудтай уулзуулж, ирээдүйд газрын ховор элементийн төсөлд хөрөнгө оруулах зөөлөн хөрсөө бэлдэж байна гэхэд буруудахгүй. Эцсийн дүндээ, солонгос хүн гоё, солонгос хоол гоё, солонгос бүх юм гоё гэсэн имиж үүсгэсний дараагаар уул уурхайн төсөлдөө хөрөнгө оруулна. Энэ үед тэд “гацаагчид”-тай бараг таарахгүй. Таарлаа гэхэд тэр нь гаднын явуулгатай, хэдийнээ бидний танил болсон “нөгөө хэд”-тэй л учрах биз. Энэ нь ч зөв жишиг юм.
Ингэж л зөөлөн хүчний бодлогыг зөв ашиглавал хэн хэндээ ашигтай харилцан хамтарч ажиллаж болдгийн жишээг солонгосчууд бидэнд зааж өгч магадгүй. Үүнийг бидэнд цаг хугацаа бэлхэн харуулна аа.
Гэвч манай талд нэг асуудал байна. Манай улс газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд 15-д жагсдаг. Гадаадын улсууд биднийг сонирхож байгаа ч нидэр дээрээ бид дотроо хайгуулаа ч хийж чадахгүй байна. Жишээлбэл, манай улсын ганц урдаа барих “Халзан бүрэгтэй” төслийг гацаагчид яаж шантаалжилж байгааг олон нийт харж суугаа. Тус төслийн хайгуулын кемп нийтдээ 20 гаруй халдлагад өртөж, олон ажилчид бэртэл гэмтэл авч, өмч хөрөнгө сүйрсэн. Учир мэдэх хүмүүс, энэ төслийг эсэргүүцээд байгаа хүмүүс бол гаднын явуулгатай, гадаадаас санхүүждэг гэдэг дээр ам нийлдэг. Ийм учиртай хүмүүст төр төмөр нүүрээ харуулах ёстойг ч тэд хэлж байгаа. Уг нь тус төслийн хайгуулын ажил дуусах тун дөхсөн. Хайгуулаа дуусгачихвал нөөц нь албан ёсоор баталгаажиж, ТЭЗҮ боловсруулж дараагийн шат руу ороход ойртоод л байгаа ч эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарсаар байгаа нь хайран.
Тиймээс ганц нүүрсээ биш уранаа, газрын ховроо зарж байвал бидэнд л хэрэгтэй. Газрын ховор дээр бол Солонгос зэрэг улсууд мөнгөө бэлдээд, хөрсөө бэлдээд байж ороод ирэх гэж байхад түүнийг нь дөрөөлөөд ажиллах хэрэгтэй байна. Хайгуулаа нээж, нөөцөө дахин баталгаажуулж, яриа хэлэлцээнд орох шаардлагатай байна.
Сэтгэгдэл үлдээх