БНСУ-д суугаа Элчин сайдын яам, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран хэрэгжүүлэх богино хэмжээний видео контент төлөвлөгөө

.Graph
2026-06-22

НЭГ. ЕРӨНХИЙ АГУУЛГА БҮХИЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хөндөх асуудал: Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд суугаа орныхоо хууль, дүрмийг чандлан сахих, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болхоос урьдчилан сэргийлэхийг анхааруулах. Ингэхдээ, тодорхой улс оронд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоон мэдээллийг иш татах байдлаар БНСУ-д үйлдэгдэж буй гэмт хэргийн тоон мэдээллээс товч дурдах. 2025 оны байдлаар Монгол Улсын 1396 иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл байгаа бөгөөд эдгээр гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад нийт гэмт хэргийн 70 орчим хувийг зөвхөн 4 төрлийн гэмт хэрэг эзэлж байгааг дурдах. Үүнд, танхайрах, бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 30 хувийг, 24.7 хувь нь зам тээврийн осол, жолоочийн эрхийн үнэмлэхгүй автомашин жолоодох, жолооны үнэмлэхний ангилал зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой гэмт хэрэгт холбогдсон, мөн 12.3 хувь нь хулгайн гэмт хэрэг, 7.6 хувь нь залилах төрлийн гэмт хэрэг, 2.6 хувь нь хүчингийн хэрэг, 0.4 хувь нь хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон талаар дурдах. Үүнээс шалтгаалан олон залуус хүний газар хорих ял эдэлж байгааг дурдаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалах.

ХОЁР. ТАНХАЙРАХ, БУСДЫН БИЕД ГЭМТЭЛ УЧРУУЛАХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хөндөх асуудал: Хилийн чанадад танхайрах, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах, бусдын биед халдах, гэмтэл учруулах зэргээр суугаа орныхоо Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагаас гадна орон сууц, олон нийтийн газар маргаан үүсгэж чанга дуу чимээ гаргах, нийтийн өмчид халдах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байгааг анхааруулах.

Тухайлбал, БНСУ-д бүртгэгдэж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь танхайрах төрлийн гэмт хэрэг байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь харилцан зодолдох, бусдын биед халдах, гэмтэл учруулах, нийтийн өмчид халдах, олон нийтийн амгалан байдал алдагдуулах зэрэг хэлбэрээр үйлдэгдэж байгааг онцлох. Иймд, эдгээр гэмт хэргүүдийг үйлдэхгүй байх, аливаа асуудалд дэвчээртэй хандах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх талаар анхааруулах. 

Үүнээс гадна суугаа орныхоо хууль, дүрмийг чандлан сахиж, олон нийтийн газар биеэ зөв, боловсон авч явах, танихгүй хүний биед хүрэхгүй байхыг анхааруулах, ялангуяа, эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрэх, зан заншилтай холбоотой “хөл дээр гишгээд гар барих”, “зөрөхдөө бусдын биед хүрч анхааруулах” зэргээр бусдын биед хүрэх үйлдэл нь зарим улс оронд гэмт хэргийн шинжтэй үйлдэл болдог тухай сануулах.

ГУРАВ. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хөндөх асуудал: Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд суугаа орны жолооны үнэмлэхгүйгээр автомашин, мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцох, жолооны ангилал зөрчих буюу том оврын ачааны автомашин, 8 болон түүнээс дээш хүний суудалтай автомашин, тэр дундаа бидний хэлж заншсанаар портер, старикс зэрэг тусгай ангилал шаардсан автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох үндэслэл болж байгааг онцлох.

Мөн энэ үедээ бусдын бие, эд хөрөнгөд гэмтэл учруулах нь тухайн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцлийг бүрдүүлдэг тул уг асуудалд хариуцлагатай хандаж, жолооны үнэмлэхгүйгээр автомашин жолоодон замын хөдөлгөөнд орохгүй байхыг анхааруулах. Мөн замын хөдөлгөөний дүрэм, гэрэл дохиог анхаарч, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гарцгүй газраар зам хөндлөн гарахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг сануулах.

ДӨРӨВ. ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хөндөх асуудал: Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд хулгайлах төрлийн гэмт хэрэгт холбогдох, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох  тохиолдолд цөөнгүй байдаг талаар дурдах. Мөн бусдын эд хөрөнгийг хог, хаягдалтай андуурч авч явсан тохиолдол байдаг бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийг санамсар болгоомжгүй байдлаар үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл болдоггүй гэдгийг онцлох. Мөн монголчуудын ярьж заншсанаар гадаадад, тэр дундаа солонгос улсад “Цэцэг түүх” үзэгдэл иргэдийн дунд их байдаг бөгөөд энэ үедээ бусдын эд хөрөнгийг хаягдал эд хогшил мэтээр андууран авч явснаас үүдэлтэйгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох явдал цөөнгүй байгаа тул аливаа эд зүйл, бусдын хөрөнгийг авахдаа эзнээс нь асуух, зөвшөөрөл авах ёстойг анхааруулах. Мөн гадаад улс оронд камерын хяналт өндөр хөгжсөн байдаг тул энэ төрлийн гэмт хэрэг хийх сэдэлд автахгүй байхыг сануулах.  

ТАВ. ЗАЛИЛАХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хөндөх асуудал: БНСУ-д залилах гэмт хэрэгт холбогдсон, энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад төдийгүй хилийн чанадад ч ихээр үйлдэгдэж байна. Иймд, иргэд өөрсдийн хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, бусадтай мэдээллээ хуваалцахгүй байх, санхүүгийн мэдээлэл, дансны хуулгаа тогтмол хянах, хялбар хэрнээ их хэмжээний ашиг санал болгож буй аливаа бизнес саналыг сайтар судлаж, шалгасны үндсэн дээр хөрөнгө оруулж байхыг анхааруулах.

Мөн БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэгт өртөх тохиолдолд цөөнгүй байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ цахим орчинд хяналт тавьж, хорт зуршил, хүчирхийлэл, садар самуунд уруу татагдаж буй эсэх, элдэв дарамт, шахалтад өртөж байгаа эсэхийг тогтмол шалгаж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сануулах.  

Залилах төрлийн гэмт хэрэг үйлдэгчид нь бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлэх, оршин суух виз гаргах, ажилд жуулчлах зэрэг үйлчилгээг санал болгон иргэдийн сул тал, эмзэг байдлыг ашиглан энэ төрлийн гэмт хэргээ үйлдэж байгаа тул сонор сэрэмжтэй байх, мөн сүүлийн жилүүдэд орон сууцны захиалгатай холбоотой залилан, цахимаар даалгавар биелүүлэх, гүний үнэт чулууны таавар, автомашины сугалаа зэрэг залилан мэхлэх үйлдэлд өртөж, гэмт хэргийн хохирогч болж байгааг анааруулах.

ЗУРГАА. ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хөндөх асуудал: Хар тамхины хор уршиг, гэмт хэрэгт холбогдсон иргэдийн талаар мэдээлэл өгч, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалах.

ДОЛОО. ХУУЛЬ БУС ВИЗ, ОРШИН СУУХ ЗУУЧЛАЛААС

Хөндөх асуудал: Монгол Улс, БНСУ-ын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, манай иргэд тус улсад ажиллах, аялах, суралцах зорилгоор зорчих, оршин суух явдал жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

БНСУ-д оршин суугаа иргэдийн дунд урт хугацаанд оршин суух статус бүхий “G-1, D-10-2 виз гаргаж өгнө”, “дүрвэгчийн виз баталгаатай гаргана”, “урт хугацаанд, саадгүй оршин суулгана” гэх мэт агуулгатай Солонгос, Монгол иргэдийн хамтарсан визийн брокерын хууль бус зуучлалын зар, мэдээллийн мөрөөр хохирох, гэмт хэргийн холбогдогч болох тохиолдол ихээр гарч байна.

Дээрх брокер, зуучлагчид нь ихэвчлэн цахим сүлжээ, мессенжер, фейсбүүк группын хуудас, танилын хүрээгээр дамжуулан иргэдтэй холбоо тогтоож, оршин суух зөвшөөрлийг баталгаатай гаргаж өгнө гэсэн бодит үндэслэлгүй амлалт өгч, худал хуурмаг шалтгаан бүхий дүрвэгчийн өргөдөл, хуурамч бичиг баримтыг өмнөөс нь бүрдүүлж өгөх зэргээр иргэдийг хохироож, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг эрсдэл үүсгэж байна.

БНСУ-ын визийн хууль бус зуучлал, брокерын үйл ажиллагаа буурахгүй байгааг Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна. Хууль бус жуулчлалаар виз гаргуулсан тохиолдолд суугаа орны хуулийн байгууллагаас шалгах, саатуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хилээр нэвтрүүлэхгүй байх зэрэг хууль зүйн үр дагаварт хүрэх эрсдэлтэй. 

Иймд иргэд аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, виз болон оршин суухтай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас авах зэрэг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Манай иргэд дараа дараагийн зорчих бусад иргэдийнхээ аялах боломжийг хязгаарлахгүй байх үүднээс БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалах.

БНСУ-ын Цагаачлалын хяналтын тухай хуульд “оршин суух статус өөрчлөх зөвшөөрөл авахтай холбоотойгоор хуурамчаар үйлдсэн, эсхүл засварласан баримт бичгийг нотлох материал болгон бүрдүүлэх, хууль бус аргаар визийн хүсэлт гаргах, түүнчлэн ийм үйлдлийг зуучлах, ятгахыг хориглоно” гэж заасан байдаг. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд  3 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял, эсхүл 30 сая хүртэлх воны торгууль ногдуулах зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe