Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ

.Graph
2026-06-22

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар Монгол Улсын иргэн бүрийн амар тайван амьдрал, аюулгүй байдлын тулгуур тогтолцоо болсон шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарт шинэчлэлт хийх “Эрх зүйт төр — Иргэний итгэлцлийн реформ”-ыг эхлүүлээд буй.  

Энэхүү реформын хүрээнд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замыг илүү оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” өнөөдөр (2026.06.22) Төрийн ордонд эхэллээ.

Тус зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ц.Болд болон Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд, нийслэл, дүүрэг, орон нутгийн нийт 2200 гаруй мөрдөгч, албан хаагч цахимаар болон танхимаар оролцож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хүлээж авснаас хойших хоёр сар гаруйн хугацаанд хууль зүй, дотоод хэргийн асуудлыг зөвхөн харьяа газар, агентлагийн хүрээнд бус, эрх зүйт Монгол төр, ардчилсан нийгэм, ард түмний айдас хүйдэсгүй, амар тайван амьдрал, аюулгүй байдлын тулгуур тогтолцоо болсон шүүх эрх мэдэл, хууль сахиулах, дотоод хэргийн чиг үүрэг, үйл ажиллагааны нэгдсэн хүрээнд харж, судалж, тодорхой хэмжээнд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Өнөөдөр Монгол Улсад 930 гаруй хууль, түүнчлэн олон мянган тогтоол, дүрэм, журам батлагдан хэрэгжиж байна. Үүнийг дагаад шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын шинэчлэл эрчимтэй хийгдэж, олон ололт амжилт бий болсон хэдий ч нөгөө талдаа хууль зүйн нэгдсэн бодлого суларч, хараат бус, бие даасан нэрийн дор үйл ажиллагааны уялдаа алдагдсан байна.

Нэг салбарын байгууллагууд, хувь хүмүүс өөр өөрийгөө буруу үнэлж, нэгдмэл үнэт зүйл, нэг зорилгоо умартаж, тус тусын амбицын хам шинжид автах явдал гарчээ гэж үзэж байна.  Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, энэ нь төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн салбарт  “Эрх зүйт төр — Иргэний итгэлцлийн реформ”-ыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд  Монгол Улсад орчин цагийн мөрдөн шалгах алба, тэр дундаа “мөрдөгч” гэх нэр томьёо үүсэж хөгжсөнөөс хойш 100 жилийн ойтойгоо золгож буй энэхүү түүхэн цаг мөчид бид алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, тулгарч буй асуудлуудаа илэн далангүй хэлэлцэн, хууль эрх зүйн болон техникийн шинэчлэлийг улам бүр гүнзгийрүүлэх, хүний нөөцөө хөгжүүлж, чадавхжуулах гарц шийдлийг хамтдаа тодорхойлохоор энд цуглаад байна.

Өнөөдрийн энэхүү зөвлөгөөн зөвхөн нэг, хоёр байгууллагын эсвэл нэг салбарын дотоод асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, хүртээмж, иргэний шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрх, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадамж, хүний эрхийн баталгаа, төр, иргэний итгэлцлийн уулзварт өрнөж буй чухал яриа, чухал хэлэлцүүлэг, бодлогын шийдэл, нэгдсэн ойлголцол байх болно гэлээ.

Мөн тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшин, амжилт зөв гольдролоор урагшилж, бодит үр дүнд хүрсээр байгааг бид онцлоод үйл ажиллагааг цаашид шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилд тулгуурласан, орчин үеийн, мэргэшсэн алба болгох зорилт та бидний өмнө байна гэдгийг онцлон тэмдэглэв.

  

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe