Ардчилсан намд #2 гэдгийг нь нөхөн сонгууль сануулав

Б.Энхтулга
2026-06-23

Орон нутгийн нөхөн сонгууль хоёр өдрийн өмнө явагдаж Аймагтаа МАН, сумандаа АН илүүрхсэн юм уу даа. Сонгуулийн дүнг та бүхэн дэлгэрэнгүй харахыг хүсвэл Сонгуулийн Ерөнхий хорооны хуудсаар ороод үзэхэд болох байх. Миний бичвэрийн гол утга нь сонгуулийн үр дүнгийн тоо биш учраас дурдахгүй өнгөрлөө. Нөхөн сонгуулийн араас намуудын мэдэгдэл сонирхол татав. Аймагтаа үнэмлэхүй ялалт байгуулсан МАН мэдээж маадгар хэвлэлийн хурал хийлээ. Аймгийн ИТХ-ийн 9 мандатыг бүгдийг нь МАН авч байгаа нь ард иргэд бидэнд итгэл үзүүлсэн хэвээр байгааг нотолж байна гэх нь тэр. Энэ үг нь толгой хага цохиод л ороод ирэв. Орон нутагт олон жил төрийн алба, хэсгийн ахлагч нэрээр угсарсан механизм нь ажилласан болохоос биш гэсэн шүү юм бодоод л сууж байлаа.

Удалгүй Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл бүлгийн мэдээллийнхээ үеэр сонгуулийн үр дүнг дурдаад ялагдсанаа хүлээн зөвшөөрч, өөрсдөд нь алдаа байгааг ч хэлж байна. Овоо доо эд нар чинь бас хаана байгаагаа харж чадсан л байна гэж бодлоо. Тэгсэн мань эр гоншигнож гарлаа. МАН-ын олон жил угсарсан механизмыг, нүүрсний хулгайн мөнгийг барсангүй гээд л. Надтай ижилхэн юм бодож л дээ хөөрхий минь. Гэхдээ олон мянган гишүүдээ удирдаж ирэх сонгуульд ялах магадлалтай намаар нэрлэгдэж байгаа намын даргын хувьд ийм бяцхан мэдэгдэл хийгээд сууж байна гэдэг өөрөө өрөвдөлтэй л дөө. Ямар би биш дээ. Хэдэн аймгийн хэсэг иргэдээр нийт иргэд биднийг одоо ч дэмжиж байна гэж олон нийтэд өөрсдийгөө харагдуулах гэж хичээх МАН,  МАН-ын нүүрсний мөнгө, угсарсан системээс цаадхыг давж харахгүй байгаа АН аль аль нь над шиг арчаагүй хэвээрээ л.

Нөхөн сонгууль харин ч өндөр амьсгаагаар 2028 онд дүнг нь тавина, бид ялна гэж юу юугүй түмний сонголт болчихсон мэт аахилж байгаа Ардчилсан намынханд том сануулга өгч #2-т байсаар байгаа гэдгийг нь сануулав. Ер нь явахгүй байгаа гэдгээ О.Ц дарга эзнийхээ суга дороос гараад нэг харчихмаар байна. Ордон дотор хийж байгаа улс төр нь ч тэр чихрээ булаалгасан хүүхэд шиг л үргэлжийн мөнхийн гоншигнож, ард түмэндээ хов зөөхөөс илүү хүчтэй хөдөлж байгаа зүйлгүй. Тохироо нь жаахан эвгүйтээд ирэхээр Засгийн газрыг унагана гэж мэдэгдэл хийгээд удалгүй таг. Энд тэнд л хуулиа булаалгасан, улс төрөө булаалгасан Ардчилсан намын гишүүд.

Нөхөн сонгуулийг явуулах шалтгаан нь тухайн төлөөлөгч нас барсан, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, төрийн албанд томилогдсон гэх мэт шалтгаантай байдаг. Ерөнхийдөө 70 орчим хувь нь нас барсан тохиолдол байдаг байна.

Монгол Улс уг нь Ардчилсан улс мөртөө Ардчилсан нам нь 1990 оны хувьсгалаас хойш нэг ч удаа номер нэг байж үзээгүй. Мөнхийн ах намдаа даруулаатай явсаар ирсэн. Энэ нь мэдээж Ардчилагчид олон ургалч үзэлтэйгээс эхлээд эв нэгдэлгүйд хүрээд дуусдагтай холбоотой. Өнөөгийн Ардчилсан нам ч гэсэн цонхоор нь харахаар нэг их сайхан хөшигтэй, чамин абажуртай гоё айл. Хаалгыг нь татаад орохоор хэдэн тийшээ хараад суучихсан хүйтэн хөндий хүмүүс шиг л байдалтай байгаа. 42 гишүүн нь дотроо бараг хэд ч хуваагдаад байгаа юм бүү мэд.

Ордны бие засах өрөөнд Ардчилсан намын нэр бүхий хоёр гишүүн ярьж байгааг өлөн би сонсчхов. “Нөхөн сонгууль бидний байгаа байдалд хариуг нь өглөө. Том сануулга шүү” гэсээр гарч одсон.

Хүмүүс МАН-аас залхсандаа л Ардчилсан намд итгэл үзүүлнэ гэдэг муйхар бодолтой яваа бол үүнийгээ эртхэн засаж, жижиг ч гэлтгүй зүйлс дээр анхаарал хандуулахгүй бол 2028 оны сонгуулийн дараа нөгөө л нүүрсний мөнгө, МАН-ын угсармалыг яриад сууж байх вий О.Цогтгэрэл дарга минь.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe