Энэ удаагийн ДАШТ-ий үеэр Кабо Вердегийн Возинья, Курасаогийн Элой Ром нарын хаалгачид эх орноо "цээжээрээ" хааж, том багуудын толгойн өвчин болж, хаалгаа цоожтой байлган, өөрөө тоглолтын шилдгээр тодроод байсан. Тэгвэл Ираны хаалгач Алиреза Бэйранванд Бельгийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлэн, хаалгаа хана хэрэм мэт хаан, мөн л тоглолтын шилдгээр тодорлоо.
Эдүгээ 33 настай хаалгач маань Ираны хөдөөний бөглүү хот болох Лорестанд төрсөн бөгөөд ядуу амьдралтай гэр бүл нь Алирезагийн мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдлийг нь дэмжих санхүүгийн боломжгүй байжээ. Тиймээс ч түүний эцэг нь хүүгийнхээ хөлбөмбөгчин болохыг эрс эсэргүүцдэг байж. Арван хэдхэн настай Алиреза гэрээ орхин Тегеран хотыг зорин мөрөөдлөө биелүүлэхээр оджээ.
Тэнд гудамжинд, үйлдвэрийн байранд хоног төөрүүлж, аяга таваг, машин угааж хоолны мөнгөө олж байсан ч хөлбөмбөгөө хажуугаар нь тоглосоор 2011 онд анхны мэргэжлийн гэрээгээ байгуулж, мөрөөдөлдөө хүрсэн ажээ. "Азийн хана" хэмээх хоч хүртэж, 2018 оны ДАШТ-д Криштиану Роналдугийн 11 метрийн торгуулийн цохилтыг хааж олны танил болсон бол энэ удаа эх орон нь дайны байдалд, шигшээ баг нь визийн хязгаарлалт, улс төрийн байдлаас болоод АНУ-д байрлаж чадахгүй, Мексикээс ирж очин тоглож буй гэхэд үнэхээр сайн тоглолтыг үзүүлж байна. 20 жилийн өмнө гудамжинд хоног төөрүүлж явсан хүү, өлсөж даарч байсан ч хүсэл мөрөөдлөөсөө ухраагүйн үр шимээ хүртэж, эх орныхоо баатар, бахархал хэдийнээ болжээ.
Сэтгэгдэл үлдээх