‘Монгол диаспора’ төслийн хүрээнд 24 монгол оюутан эх орондоо мэргэжлийн дадлага хийхээр ирлээ

.Graph
2026-06-24

Зургийн тайлбар: 2026 оны "Монгол диаспора" дадлагын хөтөлбөрийн оролцогчид нээлтийн арга хэмжээний үеэр

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага 'Монгол диаспора' дадлагын хөтөлбөрт оролцогчдыг албан ёсоор хүлээн авч, дэлхийн 11 улсад суралцаж буй 24 монгол оюутан, залуус эх орондоо цугларлаа. Монгол диаспорагийн төлөөлөл болсон эдгээр залуусыг угтан авах арга хэмжээ нь ОУШХБ-ын Хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй 'Хилийн чанад дахь Монголчуудыг эх орондоо эргэн ирэхийг дэмжихэд төр, хувийн хэвшлийг татан оролцуулах нь' төслийн хэрэгжилтийн чухал үе шат болж байна. 'Монгол диаспора' төсөл нь хилийн чанадад амьдарч, сурч буй монголчуудын мэдлэг, ур чадвар, олон улсын туршлагыг эх орныхоо тогтвортой хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна. 

Гадаад харилцааны яамны албан мэдээллээр 210 мянга гаруй Монгол Улсын иргэн гадаадад оршин сууж байна. Гадаадад дээд боловсрол эзэмших монгол залуусын тоо өсөн нэмэгдэж буй энэ үед тэднийг эх оронтой нь эргэн холбож, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжилд ашиглах боломжийг бүрдүүлэх нь улам бүр чухал болж байна.

Зургийн тайлбар: ОУШХБ-ын Монгол дахь салбарын захирал, доктор Ёко Фүжимүра

Доктор Ёко Фүжимүра: "Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан оролцогчид Монголын байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллаж, бодит ажлын туршлага хуримтлуулахын зэрэгцээ хүлээн авагч байгууллагууд дадлагажигч нараас шинэ санаа, олон улсын туршлагаас суралцах боломжтой болж байна. Энэ харилцан суралцах үйл явц нь хувь хүн төдийгүй улс орны хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 'Монгол диаспора' төслөөр дамжуулан бид гадаадад амьдарч, сурч буй илүү олон монгол залуусыг эх оронтойгоо холбоотой байж, ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахад урамшуулна гэдэгт итгэлтэй байна." 

Зургийн тайлбар: 2026 оны "Монгол диаспора" дадлагын хөтөлбөрийн оролцогчид сэтгэгдлээ хуваалцах үеэр

Дэлхий даяар зарласан сонгон шалгаруулалтад 200 гаруй өргөдөл ирснээс Ази, Европ, Хойд Америкийн 11 улсад суралцаж буй 24 оюутан, төгсөгчдийг шалгаруулсан юм. 'Монгол диаспора' дадлагын хөтөлбөрт оролцогчид Harvard Kennedy School, University of Toronto, University of Washington, Duke Kunshan University, Corvinus University of Budapest, George Mason University, University of Chinese Academy of Sciences, Jagiellonian University зэрэг дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудад төрийн бодлого, төрийн удирдлага, нийтийн эрүүл мэнд, молекул биотехнологи, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, экологи, компьютерын шинжлэх ухаан, өгөгдлийн шинжлэх ухаан, эрх зүй, эдийн засаг, харилцаа холбоо зэрэг олон чиглэлээр суралцаж байна.

Оролцогчид дадлагын хугацаанд мэргэжлийн байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулахаас гадна ур чадвар хөгжүүлэх сургалт, менторшип хөтөлбөр, үе тэнгийнхнээсээ харилцан суралцах боломжтой юм. 

Эх орондоо ирсэн залуусыг угтан авах арга хэмжээнд дадлагажигч нарыг хүлээн авч буй байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцсон юм. Хөтөлбөрт оролцогч нар арга хэмжээний үеэр өөрсдийн түүх, туршлага, сэтгэгдэл, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлийнхээ талаар хуваалцсан юм.  'Монгол диаспора' төсөл нь хилийн чанадад буй монголчуудын мэдлэг, ур чадвар, олон улсын туршлагыг Монгол Улсын тогтвортой хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх замаар диаспорагийн оролцоог бэхжүүлэх зорилготой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe