Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааны талаар Цагаан-Уул сумын иргэдтэй уулзлаа

.Graph
2026-06-24

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

Тус уулзалтад Цагаан-Уул сумын 200 гаруй намын гишүүн, дэмжигч оролцож, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, орон нутгийн хөгжилд чиглэсэн арга хэмжээ, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар мэдээлэл сонслоо.

Мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын зорилго, ач холбогдлын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мэдээлэл хийж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, иргэдтэйгээ илүү ойр, нээлттэй, шуурхай ажиллах боломжийн талаар танилцууллаа.

Цагаан-Уул сум нь мал аж ахуйн арвин баялаг нөөцтэй, хөдөлмөрч малчид, иргэдийн хүчээр хөгжиж буй сум юм. Тус сум нь малын тоо толгойн хэмжээгээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаарт, Хөвсгөл аймагтаа нэгдүгээр ордог бөгөөд Цагаан-Уулын үүлдрийн илүү нугаламт хонь, ноосны чиглэлийн хониороо танигдсан, мал аж ахуйн уламжлал, нөөц боломж өндөртэй нутаг юм.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс Цагаан-Уул суманд ундны усны хүртээмж, чанарын асуудал хамгийн чухал, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болоод байгаа талаар онцлон дурдлаа.

Түүнчлэн Цагаан-Уул сумын иргэд баруун чиглэлийн авто замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, орон нутгийн хөгжил, иргэдийн зорчих хөдөлгөөн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт, эдийн засгийн эргэлтэд авто замын хүртээмж, чанар чухал нөлөөтэйг илэрхийллээ.

Уулзалтад оролцсон аймгийн салбар байгууллагуудын удирдлагууд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, нийгмийн даатгалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өглөө. Мөн Цагаан-Уул сумын намын хорооны ахмад настан С.Энхболд,  Б.Амаржаргал гуайд зочилж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe