Хүүхдийн бэлгийн мөлжлөг үйлдсэн хэргээр Австралид баривчлагдсан "Оюу толгойн" экс захирал мэдүүлэгтээ Х.Булгантуяагийн хүүгийн загалмайлсан эцэг гэж дурджээ

Б.Энхтулга
2026-06-24

Австралийн ABC News, Daily Mercury, Couriermail зэрэг хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд сүүлийн өдрүүдэд уул уурхайн чиглэлээр олон улсын корпорациудад удирдах албан тушаал хашиж байсан Оле Сэверүд гэх хүн бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн агуулга бүхий материал хадгалсан гэх үндэслэлээр баривчлагдсан тухай мэдээлэл цацагджээ. Түүнийг Монгол Улсад ажиллаж байсан, Монгол Улсын улс төрийн өндөр албан тушаалтантай хувийн хэлхээ холбоотой тухай баримтыг онцолсон байна.

Тухайн эх сурвалжуудын гаргасан мэдээллээр Оле Сэверүд 6 дугаар сарын 16-нд гэрээсээ баривчлагдсаныхаа дараа батлан даалтаар гарах хүсэлт тавьсан ч Австралийн шүүх хүлээж аваагүй байна. Үүнээс харахад түүний холбогдсон гэмт хэрэг нь онц ноцтой хэрэг байх, цаашид шүүхээс ял авах магадлал өндөр байгаа гэжээ.

Түүний хэргийг 8 дугаар сарын 11-нд Австралийн Макай хотын шүүхээр хэлэлцэж эхлэх хүртэл цагдан хорих төлөвтэй байна.

Дээр дурдсан хэвлэл мэдээллийн агентлагуудын гаргасан нийтлэлд дурдагдсан үндсэн санаануудыг дурдвал:

·Австралийн цагдаагийн байгууллага түүнд холбогдох хэргийг 2022-2024 оны хооронд шалгасан бөгөөд түүнийг хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой материалыг хилийн чанадад хадгалсан, бага насны хүүхдүүдэд зохисгүй материал түгээсэн гэх үндэслэлээр буруутайд тооцож байна.

·Шүүхэд байгаа мэдээллээр Оле Сэверүд тэтгэвэртээ суусан. Одоогоор зөвхөн Индонезид үйлдсэн байж болзошгүй хэргүүдийг нь эрүү үүсгэн шалгаж байна.

·Түүний и-мэйл болон нийгмийн сүлжээний хаягуудыг шалгаж үзэхэд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 51 файл олджээ.

·Тэрээр өмнө нь хэрэгт холбогдож байсан түүхгүй тул батлан даалтаар гарах магадлал өндөр байсан ч шүүх түүнийг хэлхээ холбоо, нөлөө, санхүүгийн арга хэрэгсэл ашиглаx, гэмт үйлдлээ далдлах эрсдэлтэй гэж үзсэн тул батлан даалтаар гаргахаас татгалзжээ.

·Тэрээр Австралийн хилээс гадуур хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой материал хадгалсан гэх 11 удаагийн гэмт хэрэг, 16-аас доош насны хүүхдэд зохисгүй материал түгээсэн гэх хоёр удаагийн гэмт хэрэгт шалгагдаж байна.

 

Монгол Улстай холбоотой мэдээлэл

·Тэрээр 2011 оноос хойш хилийн чанадад багагүй хугацаанд амьдарсан бөгөөд Монгол, Индонези, Папуа Шинэ Гвинейд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.

· Шүүхийн авсан мэдээллээр анх 2020 оны 1 дүгээр сарын 22-нд түүний талаар Монголд уул уурхайн компанийн удирдах албан тушаал хашиж байх хугацаандаа хүүхдийн мөлжлөгтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн гэх гомдол Австралийн цагдаагийн байгууллагад нэрээ нууцалсан эх сурвалжаас иржээ.

·Фэйсбүүк хуудас дахь ил мэдээллээс харахад тэрээр Оюу Толгой ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан байна.

·Шүүхэд байгаа мэдээллээр Оле Сэверүд Монгол Улсын парламентын дэд дарга асан Хүрэлбаатарын Булгантуяагийн хүүгийн загалмайлсан эцэг гэж дурджээ.

·Монгол Улсын цагаачлалын албанаас 2025 оны долоодугаар сард түүнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзахад тухайн улс төрч буюу X.Булгантуяагаар дамжуулан шийдвэрийг өөрчлүүлэхийг оролдож байсан гэж мөн дурдсан байна.

·Шүүгч Хартиганы өгсөн мэдээлэл "Тэрээр өөрийн зорчиж байсан улсууддаа тодорхой эрх мэдэл, нөлөө бүхий нийгмийн сүлжээ тогтоож чаддагийн жишээ нь Монгол Улсын парламентын дэд дарга болон Индонезийн цагдаагийн албан тушаалтнууд" гэжээ.

 

Эх сурвалж: Former Mackay mining executive charged with possessing child abuse material in Bali - ABC News

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe