Сонгууль бүрээр улс төрчдийн шүүрч авч, нийгмийн хэлэлцүүлэг болгодог сэдвүүдийг танилцуулж байна. Сонгуулийн жилээр л яригдаад бусад үед мартагддаг энэ сэдвүүдтэй холбоотой мэдээллийг хүлээн авахдаа эргэцүүлж сайн бодоорой.
Нэг. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг сөхлөө
Сонгууль бүрээр төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг сөхөгддөг. Нам, эвслүүд С.Зоригийг хэн хөнөөснийг илрүүлнэ, зарлана, хэргийн материалыг нууцаас гаргана хэмээн ам тангараг өгдөг ч одоо болтол бүрхэг хэвээр. Тэгвэл энэ удаа уг хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сөхлөө. Тэрээр сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа хэргийн талаар ярьсан байна.
Харин С.Зоригийн дүү С.Оюун "Гэр бүлийнхэн бид жинхэнэ хэрэгтнийг олж чаддаггүй юм аа гэхэд гэм буруугүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж үздэг болсон. Бидний хувьд насан туршдаа л гомдолтой үлдэнэ, илрээсэй гэж маш их хүснэ" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Хоёр. Уул уурхайн сэдвүүд трэнд боллоо
Манай эдийн засгийн амин судас болсон уул уурхайн асуудал сонгууль дөхөхөөр улам хурцаддаг уламжлалтай. Ялангуяа, Эрдэнэс Тавантолгой ХК, Оюутолгой ХХК руу гэнэт дайрч, баялгаа ард түмэндээ өгмөөр байна гэх уриа лоозон сонсогдох нь ихэсдэг. Тухайлбал, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Цагаан суваргын орд дээр очоод очиж, Оюу толгой ХХК-ийн асуудлыг хэд хэдэн улс төрч бариад авсан харагдана.
Гурав. УИХ-ын танхим хоосорч байна
Манай сэтгүүлч Н.Саруулдөл Төрийн ордноор явж, ажиглалт хийгээд Төрийн ордонд хөл хөдөлгөөн багатай, хоосорсон байгааг мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 76 гишүүн суух ёстойгоос дөнгөж 39 гишүүн сууж байгаа нь ирцийг арай ядан бүрдүүлж байгаагийн илрэл юм. Мөн орон нутгаас сонгогдсон гишүүд тойргоо зорьж, ажлын албаны залуус нь ажлаа орхин гишүүдээ дагаад явчихжээ.
Дөрөв. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашиг тараана
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийг яагаад ч юм сонгуулийн өмнө тараадгаараа онцлог. Тэгвэл 2023 оны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 1-7-ны хооронд хуваарилах юм байна.
Сэтгэгдэл үлдээх