Яллагдагчийн тавцангаас цэцийн индэрт

Б.Энхтулга
2026-06-25

Саяхан л сайд, даргын имижээр гайхуулж явсан Ж.Сүхбаатар “Ногоон автобус”-ны гэх хэргээр шүүхийн өмнө яллагдагчийн тавцан дээр зогсож байсан нь ч бас саяхан. Мэдээж түүнийг эрх мэдэлтнүүдийн заалт болох эрүүгийн хуулийн 22.1 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн заалтаар хэрэгт татсан байдаг. Эхнээсээ л би буруугүй ээ гэж унжиж байсан түүний хэрэг гурван шатны шүүхээр дамжиж эцэстээ хэрэгсэхгүй болсон. Д.Сумъяабазар өөрөө мултраад түүнийг лого болгосон ч гэж зарим хүмүүс жиг жуг ярьдаг. Хэдийгээр түүний хэрэг хэрэгсэхгүй болсон ч энэ цаг үед амьдарч байгаа хэн бүхний хэзээ ч мартахгүй хэргүүдийн нэг бол “Ногоон автобус”-ны хэрэг. Энэ хэрэгт нэр холбогдсоноосоо ч болж улс төрд эргэн ирэх нүүргүй болсон учраас ордноос гадуурх улс төрд орохоор зүтгэж байгаа бололтой. Эсвэл зүтгүүлж ч юм уу. Хэсэг нам гүм суусан тэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох нь бараг тодорхой болж байгаа юм шиг байна. Учир нь өчигдөр С.Бямбацогт өөрөө дааж нэрийг нь оруулж ирээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжүүлээд гаргалаа. Өнөөдрийн чуулганаар оруулаад эцэслэнэ гэсэн хүлээлттэй байна.

Цэцийн хоёр онгорхой суудлыг улс төрийн нөлөөтэй хоёр хүн бөглөнө

Үндсэн хуулийн цэцэд хоёр орон тоо сул гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Л.Өлзийсайхан төрийн ордон руу буцаж УИХ-ын тамгын газрын дарга хийх болсноор нэг, Цэцийн одоогийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас хоёр дахь орон тоо нь гарч ирж байгаа. Үндсэн хуулийн зөрчлийг дэнсэлдэг чухал байгууллага учраас онгорхой байж болохгүй. Үүнийг Ардчилсан намынхан ч яриад явдаг байсан. Гишүүний орон тоо нь дутуу байж дүгнэлт гаргаад байгаа нь зохисгүй гэж. Гэхдээ улс төрд ялагч байж байгаад яллагдагч болж хувирсан хүнээр бөглүүлэх нь хэр ёс зүйтэй вэ. Мөн МАН гэж намын гал тогооноос эхлээд бүхий л дамжлагаар дамжсан цэвэр улс төрч хүн өнөөгийн улс төржсөн шийдвэр гаргадаг гэх цэцийн хардлагыг зогсоож чадах уу. Гурван шатны шүүхээр ороод хэрэг хийгээгүй гэдэг шийдвэр гарсан ч улс төрийн хувьд хэцүүхэн болж ирсэн хүн эргээд ирэхдээ үндсэн хууль дээр гараад сууна гэдэг асар их өрөөр, эсвэл даалгавар аваад ирж байгаа юм биш биз гэх хардлагыг ч төрүүлж амжив.

Ж.Сүхбаатар анх уг нь хуульч талдаа ч улс төрч талдаа ч чамбай дүрээр олонд үнэлэгддэг байсан. Чуулганаар орж ирж байгаа асуудалд ч нухацтай хандаж царайлаг байсан бол олон эмэгтэйн краш болж, мужик байсан бол олон залуучуудын үлгэр дуурайлал авах хүн болох байлаа. Даан ч түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга хийж эхэлсэн цагаас толгой нь бага багаар гудайж эхэлсэн. Болох болохгүй хүмүүстэй хамаагүй нийлж болохгүй шүү гэдэг захиас нөгөө чихээр нь гараад явчихсан мэт л аашилсан. Улс төрчид албан тушаал ямар ч цаг үед ирсэн алгасаж болдоггүй гэдэг ч мань хүн хүсээгүй албан тушаалаа авсан учраас ажилдаа хариуцлагагүй хандсан байж болох л юм. Үгүй тэгээд ямар бичиг цаастай ноцолдож явснаас биш мотор, хроптой ноцолдож явсан ч биш дээ зайлуул. Угсарсан автобус ороод ирэхэд нь шинэ гээд гүрийгээд өөртөө гай дуудна гэж хэн санах вэ.

Улс төрөөс хараат бус ажиллахыг Байнгын хороон дээр үг хэлсэн гишүүд захив...

А.Ариунзаяа, Д.Энхтуяа, Л.Гантөмөр нарын гишүүдээс эхлээд улс төрчдийн захиалгат ажил хийж болохгүй шүү гэдэг захиасыг давтан хэлж байлаа. Яагаад ингээд байгаа учрыг бид МАН-ын хуваагдлын ид үеэр эрх баригчдын гар хаана ч хүрч болдог гэдгээр мэдэрсэн. Хоёр тал болж хуваагдсан хүмүүс зодоондоо Үндсэн хуулийн цэцийг хүртэл оролцуулсан нь бидний нүдэнд илт байв. Үүнээс үүдэн цэцийг улс төрийн захиалгат ажил хийдэг л байгууллага боллоо хэмээн Х.Тэмүүжин гишүүнээс эхлээд шүүмжлэх болсон. Гэтэл төрийн алба, улс төрчөөс өөр хашсан албан тушаалгүй хүн улс төрөөс ангид байж чадна гээд гишүүдийн үгэнд хариулаад сууж байгаа нь нэг л итгэл үнэмшил төрөхгүй л байх шиг. Дахиад л улс төрийн томилгоо болчихлоо гэдгийг маш сайн мэдэж ч байгаа учраас үг хэлсэн гишүүд улс төрөөс хол байх тухай ярьсан байх.

Хүмүүс өнгөрсөн түүхээрээ бахархдаг бол Ж.Сүхбаатар харин бүх хүмүүсийн ой санамжаас өнгөрсөн түүхээ устгачихмаар санагддаг биз. Тэр түүх нь өнөөдөр хүмүүсийн амнаас ийм үг сонсоход хүргэж байгаа болохоор. Намдаа олон жил хоёргүй зүтгэсэн нэр төр, намын нөхдийн дэмжлэгээр ямартай ч саяхан улс төрөөс болж цаазын тавцанд зогсож байсан хүн хуулийн оргилд очоод суух нь ээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe