Чингис хаан Англид: Дээлээрээ гоёод очоорой

.Graph
2026-06-25

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Францаас буурь сэлгэж, Английн Лийдс (Leeds) хотноо заларчээ. Үзэсгэлэнгийн нээлт зургаадугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр нээлтээ хийж байна. Энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний түүхийн музейн 250 гаруй нэн ховор үзмэрүүдийг анх удаа дэлгэн үзүүлнэ. Чингис хаан болон түүний залгамжлагчид дэлхийн хуурай газрын 22 хувийг хэрхэн удирдаж, анхны шуудангийн систем, цаасан мөнгө, шашны эрх чөлөөг бий болгосон түүхийг энэхүү үзэсгэлэн өгүүлдэг. Мөн Монгол хатдын нөлөөллийн тухай танилцуулах ажээ. Английн Royal Armouries Museum, Лийдс хот (Leeds Dock, LS10 1LT)-д болох үзэсгэлэнд тус улсад ажиллаж, сурч, амьдардаг монголчуудыгаа үндэснийхээ хувцсаар гоён очиж үзэхийг урьж байна. Өвөг дээдэс, агуу түүхээрээ бахархахын зэрэгцээ үр хүүхдүүддээ тус үзэсгэлэнг үзүүлж, Монголчууд хэрхэн дэлхийг өөрчилсөн талаар мэдлэг олгохыг уриалъя. Чингис хаан, түүний залгамжлагчдыг зөвхөн зэрлэг догшин эзлэн түрэмгийлэгчид байсан гэх түүхийн хуудас шарлаж, харин дэлхийн дипломат харилцаа, худалдаа, соёлд томоохон өөрчлөлтийг бий болгосон хэмээх түүхийн шинэ сурвалжуудыг судлаачид дэлгэн үзүүлэх болсон нь олзуурхууштай. Музей даваа гарагаас бусад өдөр 10-17 цаг хүртэл ажиллана. Үзэсгэлэн 15 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй. Харин 16-аас дээш насныханд 9 фунт бол оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад 7 фунт байх юм. Үзэсгэлэнг Их Британийн Лийдс хот дахь Хааны зэвсгийн музей зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар, Чингис хааны музей дэмжин хамтарч байна.

Сонирхуулахад, “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Францын алдарт Historia сэтгүүлийн 2024 оны "Шилдэг үзэсгэлэн" шагналыг хүртэж байсан юм.

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe