П.Цэнгүүн VS Д.Амарбаясгалан

.Graph
2024-03-29

Импортын гурилын татварыг чөлөөлөх хуулийн төслийн маргаан үргэлжилсээр шүүхийн танхимд очлоо. Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, тариаланч Л.Цандэлэг нарыг компанийн болон хувь хүний нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгөхөө мэдэгдлээ. 

Хувийн хэвшил | Засгийн газар

Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, тариаланч Л.Цандэлэг нарыг компанийн болон хувь хүний нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгөхөө мэдэгдлээ. 

Энэ талаар Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн "Өмгөөлөгчтэйгөө зөвлөсний үндсэн дээр худал хуурмаг тарааж компанийн болон миний нэр хүндэд халдсан Д.Амарбаясгалан, Л.Цандэлэг нарыг шүүхэд өгөхөөр шийдлээ. Шүүх дээр уулзацгаая. Баримтаа бэлдээрэй" гэж жиргэжээ. 

Асуудал үүссэн гурван шалтгаан 

Нэг. 

Засгийн газраас газраас импортоор оруулж ирж буй гурил, малын тэжээлийн татварын чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачилж, байнгын хороод дэмжив. 

Тухайн үед Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн “Гурилын түүхий эд болох улаанбуудайн үнийг төрөөс тогтоож бид худалдан авдаг. Энэ үнэ Оросын зах зээлээс 2.5 дахин өндөр байгаа юм. Та бүхэн гурилыг элдэв аргаар хилээр оруулж, татварыг чөлөөлж болно. Асуудалгүй. Бид намар хүртэл үйлдвэрлэлээ зогсоочихно. Бас асуудалгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Хоёр. 

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гурилын үнийн зохиомол өсөлтийг бий болгож, үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь тогтоогдсон тул ШӨХТГ-аас акт тавьсан. Гэтэл үүний дараа П.Цэнгүүн хэвлэлээр даапаалаад, тавьсан актын чинь төлбөрийг гурилынхаа үнийг нэмээд гаргаж авна гэж хэлсэн. Ингэж давартлаа гурил үйлдвэрлэгчид томорсон. Бүх шатандаа хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэл эрхэлсэн мөртлөө эргээд дэлхийн зах зээл дээрхээс гурав дахин үнэтэй гурил зарж байгаагаа гавьяа байгуулж байгаа мэтээр ойлгууллаа” гэсэн юм. 

Дөрвөн жилийн хугацаанд гурилын үйлдвэрүүдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Зээл авсан компаниудын жагсаалтад Алтан тариа ХХК байгаагүй. Мөн Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн “Долоон худал” нийтлэлдээ “Манай зах зээл дээр 1кг гурилын жижиглэнгийн үнэ 0,7-1$ байгаа. Хятад, Солонгос, Япон, Америк зэрэг улс орнуудад 2-3,5$ байна” гэж хариулжээ. 

Гурав. 

Тариаланч Л.Цандэлэг “Алтан тариа ХХК-ийн гурил 3600 төгрөгөөр зарагдаж байна. Тэд улаанбуудайгаа 500-700 төгрөгөөр авдаг гэхээр 6-7 дахин нугалж, ашиг олж байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 

Хариуд нь Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн “Долоон худал” нийтлэлдээ “Дээрх үйлдвэрийн үнэ дээр жижиглэн худалдаа эрхлэгчид болон сүлжээ дэлгүүрүүд 22% маржин, 10%-ийн НӨАТ нэмж жижиглэнгээр худалдан борлуулахаар дээд гурил 3 000 төгрөг, 1-р гурил дэлгүүрт 2 500 төгрөгөөр зарагдаж байгаа. Алслагдсан баруун аймгуудад ложистикийн зардал 200-300төгрөг нэмэгддэг” хэмээн хариулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe