Венесуэлд 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт дараалан болсны улмаас 235 хүн амиа алдаад байна. Одоогоор нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 4300 гаруй хүн гэмтэж бэртжээ. Энэ нь 1900 оноос хойш тус улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байв.
Газар хөдлөлт тохиосон өдөр болох өчигдөр буюу 26-ны өдөр тус улсад Үндэсний баяр тохиож байжээ. Хүчтэй хоёр газар хөдлөлтийн дараа ч чичирхийлэл үргэлжилсээр байгаа бөгөөд 30 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байна.
Амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх магадлалтай байгааг Үндэсний Ассамблейн газраас мэдэгдлээ. Мөн АНУ-ын Геологийн алба өмнө бүртгэгдэж байсан төстэй газар хөдлөлтүүд болон хүн амын тоо зэрэг хэд хэдэн хүчин зүйлд үндэслэн газар хөдлөлтийн улмаас 10,000 гаруй хүн нас барах магадлал 42 хувь, 100,000 гаруй хүн нас барах магадлал 33 хувь гэж тооцоолжээ.
Аврах ажиллагаанд хэд хэдэн улс туслахаа амласан бөгөөд АНУ 150 сая ам.долларын тусламж үзүүлнэ хэмээн амлажээ. Мөн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар (OCHA) Венесуэлийн нэгдсэн санд 100 сая ам.долларын хандив өргөсөн байна. Өнөөдөр Мексикийн Агаарын цэргийн хүчний онгоц хүмүүнлэгийн тусламж хүргэхээр хөөрчээ.
Сэтгэгдэл үлдээх