Ч.Лодойсамбуу тэргүүтэй гишүүд АТГ-т шаардлага хүргүүллээ

.Graph
2026-06-26

Нийслэлийн төсөв, төслийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий хяналтын сонсгол хийсэн гишүүдийн АТГ-т хүргүүлсэн шаардлага:

Хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргуулах тухай

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02, 03 дугаар тогтоолоор “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол 2026 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Сонсголын үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд, ОНӨҮГ, ОНӨТҮГ, ХК, ХХК зэрэг нийслэлийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахын зэрэгцээ "өмчлөгчийн төлөөлөгч" гэх тайлбартайгаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдон ажиллаж, улмаар өөрсдийн удирдлагад нь ажилладаг байгууллагуудын төсөв, төлөвлөгөө, тайланг НИТХ-ын чуулган, хороодын хуралдаанаар хэлэлцэн батлахад биечлэн оролцохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хууль, журмын дагуу гаргаагүй байх тохиолдлуудын талаар мэдээлэл танилцуулагдсан.

НИТХ-ын төлөөлөгч нэг талаас төсөвт хяналт тавих үүрэг бүхий хурлын төлөөлөгч, нөгөө талаас тухайн төсвийг захиран зарцуулах эрх бүхий гүйцэтгэх удирдлага болон хувирч байгаа нь дараах хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн эсэх, авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн эсэх, албан тушаал, эрх мэдлээ ашиглан давуу байдал болон ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар шалган тогтоож, санал, дүгнэлт гаргаж ирүүлнэ үү. Үүнд,

  • 1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт: “11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”.
  • 2. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.3.4 дэх заалт: “22.3.Албан тушаалтан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил, үүрэг гүйцэтгэж байхдаа болон ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд дараах үйл ажиллагааг хориглоно: 22.3.4.холбогдох төрийн өмчит хуулийн этгээдэд өөр албан тушаал эрхлэх”.
  • 3. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалт: “8.1.Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, “8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй”.
  • 4. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалт: “23.6.Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ”, “23.7.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана”.
  • 5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт: “39.2. Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана”.
  • 6. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт: “40.1.Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, “40.1.1.төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах”, “41.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно”, “41.1.6.энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн”, “41.2.Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

                                

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe