2025 онд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цалин хөлсөд нийт2.5 их наяд төгрөг зарцуулжээ

.Graph
2026-06-26

Монгол Улсын Их Хурал болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос өгсөн үүргийн дагуу Төрийн аудитын байгууллага төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд хийсэн судалгааны үр дүнгээ танилцууллаа. Судалгаанд 41 төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа нийт 464 хуулийн этгээд хамрагдсанаас 110 нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, 354 нь орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага байна. Эдгээр байгууллагын дийлэнх нь эрчим хүч, ус хангамж, бохир ус зайлуулах, уул уурхай, сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Судалгаагаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд нийт 46,327 ажилтан ажиллаж, 2025 онд цалин хөлс, түүнтэй адилтгах зардалд нийт 2.5 их наяд төгрөг зарцуулсан байна.  Үүнээс 349 удирдах албан тушаалтан 34.5 тэрбум төгрөг, 4,248 дунд шатны албан тушаалтан 280 тэрбум төгрөг, 41,730 гүйцэтгэх албан тушаалтан 2.2 их наяд төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах урамшуулал авсан байна. 

Мөн уул уурхай, эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин бусад салбараас өндөр, нийтийн үйлчилгээний салбарынх хамгийн бага байгааг судалгаа харуулжээ. 

Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 354 байгууллагад нийт 21,174 ажилтан ажиллаж, 608 тэрбум төгрөгийн цалингийн зардал гаргасан байна. Судалгаагаар ашигтай ажилласан гэж бүртгэгдсэн 171 байгууллагын зарим нь орон нутгийн төсвөөс 961 сая төгрөгийн татаас авсны үндсэн дээр ашигтай ажилласан гэж судалгааны дүн гарчээ. 

Судалгаанд төрийн өмчийн түрээсийн асуудлыг мөн хамруулсан байна. Үүнд төрийн байгууллагууд нийт 1,139 гэрээгээр 81.1 мянган м/кв талбай түрээслүүлж, 11.1 тэрбум төгрөгийн орлогыг өөрийн орлогоор төвлөрүүлсэн. Харин бусдын өмчийг түрээслэхэд зориулж 700 гэрээгээр 162.9 мянган м/кв талбайд 36.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь төрийн өмчийг түрээслүүлж олсон орлогоос бусдаас түрээслэхэд зарцуулж буй зардал хэд дахин өндөр байгааг харуулж байна. 

Мөн 2025 онд 54 төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 411 байгууллага хэвлэл мэдээллийн үйлчилгээний гэрээнд түүвэр судалгаа хийхэд нийт 22.3 тэрбум төгрөг, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах 18,100 арга хэмжээнд 77.5 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe