Come back

Б.Энхтулга
2026-06-29

Ердөө зургаахан жилийн өмнө улс төрийн зураглалд орон тэжээсэн ишгэндээ мөргүүлж байсан М.Энхболд зурагтаар ч тэр, хүмүүсийн аманд ч тэр их үзэгдэх боллоо. 60 тэрбум, газар, албан тушаалын наймаа гэхчлэн олон үйл явдлын ард автор болж явдаг түүнийг 2019 онд намын дүү нар нь тонгорч байсан. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй одоо улс төрөөс арчигдсан Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нарын таван гишүүн улс орныг хямралд оруулж байгаа хүнээр М.Энхболдыг нэрлэж У.Хүрэлсүх ахдаа намыг нь авч өгөн замыг нь шулуун болгох эхлэлийг тавьж өгч байв. Үүнд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл оролцож байлаа. Өөрийн хүсэлтээр эсвэл Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд л суудлаасаа өндийдөг байсан УИХ-ын даргыг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлж дэмжүүлсэн. Ингээд таван цэргийн цуглуулсан талбай дахь хүмүүсийн, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу аль аль талаасаа шахалтад орж М.Энхболд нийт гишүүдийн олонхын саналаар огцорч байлаа.

М.Энхболд шалдан Ерөнхий сайдаас эхлээд намын даргаар хоёр, УИХ-ын гишүүнээр гурав сонгогдож, Нийслэлийн засаг дарга, УИХ-ын дарга гээд Ерөнхийлөгчөөс бусад бүх л эрх мэдэлтэй албан тушаалд сууж байв. Хотын даргыг зургаан жил буюу хамгийн удаан хашиж байх үед нь хууль бус газрын олголт болон барилгын зөвшөөрлүүд салхин цэцэг шиг л тархаж байсан гэдэг. Ямар сайндаа л “би У.Хүрэлсүхэд төрийн ордны хойно газар өгч байсан” гээд яриад сууж байх вэ дээ. Ингэж яриад суутлаа л утгаа алдаж байсан байх нь. 60 тэрбумыг намын гишүүддээ ЖДҮХС-аар дамжуулан тараасан гэдэг ярианд ч орж байв. Хүрээний бузрыг яривал далай далай гэдэг шиг М.Энхболдын нэр холбогдсон гажиг үзэгдлүүдийг ярих юм бол хэтэрхий урт бичвэр болно. Тийм учраас гол яриандаа оръё.

Таван жил улс төрөөс хол нам суусан М.Энхболд сүүлийн үед намын арга хэмжээнүүдэд үзэгдэх болж, хэвлэлүүдээр ч хэсэг хугацааны яриа өгдөг боллоо. Энэ үзэгдлийг нь харчхаад тэр юм уу эсвэл цаагуур яриа байгаа гэдгийг сонссон ч юм уу. УИХ-ын зарим гишүүд ялангуяа Ардчилсан намаас сонгогдсон гишүүд М.Энхболдыг улс төрд эргэн ирэх гэж байгаа тухай чих, амаа нийлүүлэн ярьж эхлэв. Ингэхдээ түүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх тухай яригдсан гэдэг гарчгийг илүү онцолж байх юм. Энэ яриаг үнэн болгох гэж байгаа мэт л Ч.Лодойсамбуугаас эхлээд улс төрийн ой санамжаас арчигдаж байсан М.Энхболдыг газрын наймаачин, авлигын загалмайлсан эцэг хэмээн ярианы сэдэв болгох нь тэр. Ер нь бол эзэрхийлж байсан үе нь л эрт болохоос биш М.Энхболд улс төрийн нас нь тийм ч хөгшин биш. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ердөө дөрвөн насаар л ах. Гэхдээ хэрвээ М.Энхболдыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр яригдсан бол Б хувилбар л байх боломжтой. Ер нь бол тийм яриа ч явагдаагүй байх. Манай улсад нэгэнт унасан улс төрчийг эргэн улс төрд оруулах ялангуяа төрийн тэргүүнд өрсөлдүүлнэ гэдэг үхээд удсан хүнийг амилуулахтай л ижилхэн. Хэдий хүсэл байв ч үлдсэн насаа амар тайван, улс төрийн амьдралаа хөшигний ард үргэлжлүүлсэн нь түүнд амар.

МАН-ын хамгийн эхний сонголд Г.Занданшатар байсан ч Х.Нямбаатартай сүүлрээд жагсаалтаас хасагдсан гэх яриа бий. Хүнгүй болсон МАН саяхны хэвлэлийн хурал дээрээ ард түмнээс санал асуулга явуулж байгаад нэр дэвшүүлэх хүнээ сонгоно болчихсон л явж байна билээ. Яг одоогоор У.Хүрэлсүх л биш бол ард түмэн тэдний намаас хэнийг ч хүсэхгүй. Хүсэх хүн ч байхгүй. Ард түмний нэр барьтлаа МАН доройтож түмний өмнөх тайзан дээр нүүр бардам гаргах хүнгүй болсон нь энэ юм. У.Хүрэлсүх хуулиараа улирах боломжгүй учраас Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа дүүдээ түр хадгалуулчихсан байгаа МАН-ын дарга, Ерөнхий сайдынхаа суудлыг авах байх. Тэр үед У.Хүрэлсүхээр ахлуулсан МАН олонх болчих юм бол Н.Учрал жинхэнээсээ УИХ-ын даргын ажлаа хийх биз.

Ерөнхийлөгчөө авахгүй гэдгээ мэдэрч эхэлсэн МАН анхны яриандаа эргэж ороод Ардчилсан намд Ерөнхийлөгчийн суудлыг өгөөд УИХ-ын сонгуульд олонх болох дээрээ төвлөрч магадгүй л юм. Ер нь яаж л бол яаж Ардчилсан намыг тонгорч чадах нам шүү дээ. Ардчилсан нам өөрөө гунигтай улс төр хийж байгаа болохоор тэднийг өрсөлдөгч гэж харахгүй ч байж магадгүй дээ. Тэгээд ч Ардчилсан намаас онцгойроод илүүрхэх кандитат байгаа ч биш. Байсан ч шоронд хийгээд эсвэл ялтан болгоод үлдээчих юм чинь...

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe