Эрчим хүчний салбарын ажилчид маргааш буюу энэ сарын 30-аас орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байна. Тэд цалингаа 30 хувь нэмэх шаардлага тавиад буй.
Тэгвэл салбар яам ийн мэдэгдэл хийжээ. Гэсэн ч Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо 10 хувиар нэмгдүүлэх саналыг шаардлага хангахгүй хэмээн үзэж байгаа тул долоодугаар сарын 1-н гэхэд тохиролцоонд хүрэхгүй бол эрчим хүчний салбарын шуурхай тасгийн ажилтнуудаас бусад салбарынхан ажил хаялт хийх болсноо дахин зарлаж байна гэлээ.
Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр цахилгаан, дулааны хэрэглээний огцом өсөлт, шинэ эх үүсвэрийн дутагдал, олон жилийн турш өртгөөс доогуур тогтоож ирсэн үнэ, тарифын бодлогоос үүдэлтэй санхүүгийн алдагдал, хуримтлагдсан өр төлбөр зэрэг хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна.
Ийм хүнд нөхцөлд улс орны эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан, дулаанаар тасралтгүй хангахын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж буй салбарын нийт инженер, техникийн ажилтан, албан хаагчдадаа талархаж байна.
Эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай гэдэгтэй бид санал нэг байна. Гэвч олон жил хуримтлагдсан санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед асуудлыг зөвхөн нэг удаагийн цалингийн нэмэгдлээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд салбарын тогтвортой хөгжлийг хангах цогц шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна.
Энэ хүрээнд Эрчим хүчний яам засаглалын шинэчлэл, хүний нөөцийн бодлого, үнэ, тарифын шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, салбарын компаниудын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах зорилгоор Бөөрөлжүүт, Баянгийн цахилгаан станцын бүтээн байгуулалт, Сэлэнгийн болон Дулааны V цахилгаан станцын төслийг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Үндэсний статистикийн хорооны 2026 оны 5 дугаар сарын мэдээгээр улсын хэмжээнд ажиллагчдын сарын дундаж цалин 2 сая 989 мянган төгрөг, эрчим хүчний салбарын ажиллагчдын сарын дундаж цалин 3 сая 747 мянган төгрөг байна. Энэ нь уул уурхайн салбарын дараа 2-т орж буй үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч салбарын дотор ажлын байр, мэргэжил, бүс нутгаас хамаарсан цалингийн ялгаа их байгаа бөгөөд шинээр ажилд орж буй инженер, техникийн ажилтнуудын үндсэн цалин өрсөлдөх чадвар сул, харин олон жилийн туршид бий болсон төрөл бүрийн нэмэгдэлд тулгуурласан цалингийн бүтэц давамгайлж байна. Энэ нь чадварлаг залуу боловсон хүчнийг салбарт татах, тогтоон ажиллуулахад бодит хүндрэл учруулж байна.
Иймээс Эрчим хүчний яам салбарын хүний нөөцийн бодлогыг шинэчилж, цалингийн бүтцийг боловсронгуй болгох, компанийн удирдлага, ажилтнуудын цалингийн хэт зөрүүг багасгах, үндсэн цалингийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, ажлын үнэлэмж, ур чадвар, гүйцэтгэлд суурилсан шударга цалин, урамшууллын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
Салбарын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн боломж, өвөлжилтийн бэлтгэлийн засвар шинэчлэлийн тулгамдсан ажлууд, үйл ажиллагааны тогтвортой байдлыг харгалзан эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын цалингийн санг 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэх, дараагийн нэмэгдлийг цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлтэй уялдуулан өөрчлөхөөр ажиллаж байна.
Эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагаа нь улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, иргэдийн өдөр тутмын амьдралын хэвийн нөхцөлийг хангах суурь нөхцөл юм. Өвөлжилтийн бэлтгэл хангах энэхүү хариуцлагатай цаг үед үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, төрийн байгууллагууд хамтын ойлголцол, зөвшилцлийн зарчмаар асуудлаа шийдвэрлэж, салбарын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг хамтдаа урагшлуулахыг нийт эрчим хүчний салбарын хамт олонд уриалж байна.
Бид салбартаа тулгамдсан асуудлыг ажил хаялт, зөрчилдөөний замаар бус, харилцан ойлголцол, бодит шинэчлэл, хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэж, Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа ажиллах болно.
Сэтгэгдэл үлдээх