ФИФА-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш 16 хоногийн хугацаанд 27 удаагийн нислэгээр агаарт 66 цаг нисч , 24 тоглолтод хүрэлцэн очжээ.
BBC sports-ийн мэдээлснээр ФИФА-ийн боссын хувийн онгоц 50122 км замыг хэдийнээ туулаад байгаа нь дэлхийг бүтэн тойрсноос илүү зай гэнэ.
Заримдаа Жанни өдөрт гурван удаа нислэг хийж байсан бөгөөд хамгийн хол нь Ванкувераас Майами хүртэл 4507 км, хамгийн богино нь Филадельфигаас Нью Жерси хүртэл 148 км байсан гэнээ.
ДАШТ дуусахад ФИФА-ийн боссын энэ аялал хэд болох бол?
Энэ мэдээг бичиж байхдаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжилж буй албан ёсны сэтгүүлч бид ямархуу зам туулж, хэдэн цагийг агаарт зарцуулж буй бол гэж бас барагцаа гаргаж үзлээ, сонирхолтой санагдаад.
Гэхдээ хувийн тухлаг тийрэлтэт онгоцоор VIP үйлчилгээтэй явж буй, онгоцны буудлаас шууд тусгай хамгаалалттай машинаар цэнгэлдэх ордог( бүүр доод хэсгээр цэнгэлдэх дотор явж ордог), буцаад тэр маягаараа онгоцны хаалган дээр оччихдог босс, хамгийн хямд(өөрийн хармайнаас 100 хувь зардлаа гаргадаг болохоор ) голдуу дамждаг нислэгээр хүрэх газраа хүрдэг, тэгээд онгоцны буудлаас такси, uber, нийтийн тээвэр, таних танихгүй туслах монголчуудынхаа машин гээд бүхий л аргаар цэнгэлдэхдээ хүрдэг, эргээд тэр журмаараа дараагийн тоглолт руу явдаг бидний ая тух болоод алжаал ядаргаа тэнгэр газар шиг ялгаатай л даа.
Өнөөдрийн (6.29) , яг одоогийн байдлаар манай фото зурагчин Ч.Ганбат бид хоёр Атлантагаас Хьюстон нисэхээр хүлээлгийн танхимд сууж буй бөгөөд өчигдөр үүрээр Сан Францискогоос гараад Лос Анжелес хүртэл 600 км газрыг машинаар туулж, Канад-ӨАБНУ тоглолтыг сурвалжлаад орой нь Лос Анжелесаас 3511 км замыг "төмөр шувуугаар" туулаад, одоо 5 цагийн дараа эхлэх Бразил-Японы тоглолтод амжиж очихоор явж байна. 1270 км зам үлдэж, амжуулнаа.
Нийтдээ ДАШТ эхэлснээс хойш Сан Франциско, Лос Анжелес, Даллас, Денвер, Атланта, Майами, Остин, Хьюстон хотуудад ( заримд нь 2-3 удаа очсон) машинаар, онгоцоор хүрч, 12 тоглолтын ард гараад байгаа юм байна. Нийтдээ одоогоор 14 нислэг хийж, туулсан замаа дараа тооцоолж гарганаа.
Дахиад чилийсэн 20 хоног, нилээд олон нислэг, цөөнгүй тоглолт байна.
Инфантинотой барьцсан юм биш шүү, жирийн сэтгүүлчдийн ажлын хүнд харагддаггүй хэсгийн л нэг юм.
Таван цагариг сонин Ц.Энхтүвшин
Гэрэл зурагчин Ч.Ганбат
Сэтгэгдэл үлдээх